Голомтот бүсээс ирсэн иргэдээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-02-04 13:00:26

Завхан /МОНЦАМЭ/.Тус аймгийн Засаг даргын захирамжаар голомтот бүс нутгаас ирсэн иргэдэд гэрийн ажиглалтын журам мөрдүүлэх ажлыг төрийн албан хаагчид гүйцэтгэж байна гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.

-Аймгийн хэмжээнд энэ оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нийт 1704 иргэн ирж гэрийн ажиглалтад оржээ. Үүнээс Улиастай суманд 725 иргэн ирснээс 274 иргэний ажиглалтын хугацаа дууссан байна. Харин өнөөдрийн байдлаар 451 иргэн гэрийн ажиглалтад байна.

Улиастайд 42 байгууллагын 474 төрийн албан хаагч Цагдаагийн газраас гаргасан хуваарийн дагуу эргүүл жижүүрийн үүрэг гүйцэтгэж байгаа юм. Хэрэв гэрийн ажиглалтын журам зөрчвөл өөрийнх нь зардлаар тусгаарлах байранд байлгахаар аймгийн Онцгой комиссоос шийдвэрлээд байгаа.

Том оврын машинаар ачаа тээвэрлэх, ачиж буулгахад халдвар хамгааллын дэглэмийг сахиулах ажлын баг мөн ажиллаж байна. Энэ ажлын баг аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газруудын ажилтнуудын бүрэлдэхүүнтэй ажиллаж хяналт тавьж байна. Нэгдүгээр сарын 19-ний өдрөөс хойш ирсэн бүх иргэнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийж эхэлсэн байгаа” гэлээ. 

Холбоотой мэдээ