Завханд дахин нэг сэжигтэй тохиолдол илэрч хөдөлгөөнийг түр хязгаарлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-02-01 16:18:35

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт татан авалтаар ирсэн нэг иргэнээс коронавирусний эмнэл зүйн шинж тэмдэг илэрч, эмнэлэгт хандсанаар Улиастайд түр хөл хорио тогтоогоод буйг аймгийн Цагдаагийн газраас мэдээлэв.

-Аймгийн онцгой комиссын энэ оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар “Улаанбаатар хотоос Завхан аймагт оршин суух иргэдээ нийтийн болон хувийн тээврийн хэрэгслээр нэгдүгээр сарын 25-ны өдрийг хүртэл татан авах” тухай шийдвэр гарсан. Татан авалтаар энэ оны нэгдүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотоос Улиастай суманд ирсэн нэг иргэн гэрийн тусгаарлалтад байх хугацаандаа короновирусний эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн байна. Дээрх иргэн нь Улиастай суманд гэрийн тусгаарлалтад байсан бөгөөд PCR шинжилгээний хариу гартал тус суманд хөдөлгөөнийг түр хязгаарлаад байна. Тиймээс Завхан аймаг болон сумдаас орох, гарах хөдөлгөөн болон аймаг доторх хөдөлгөөнийг бүрэн хаасан болохыг мэдэгдэж байна.

Иймд иргэд та бүхэн аймгийн Онцгой комиссын шийдвэрээр, гэрээсээ гарахгүй байх, халдвар хамгааллын дэглэмээ баримтлан төрийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх. Мэргэжлийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг хэрэгжүүлэн, олон нийтийг төөрөгдүүлэх, худал мэдээ, мэдээллийг түгээхгүй байхад анхаарна уу” гэж аймгийн Онцгой комисс, Цагдаагийн газраас тус тус мэдээлэв. 

Холбоотой мэдээ