АНУ, Хятадын хэвлэл мэдээллийн салбарын сөргөлдөөн хурцдаж байна

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2020-08-05 13:18:22

Бээжин /МОНЦАМЭ/. АНУ, БНХАУ-ын хооронд худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, дипломат зам суваг зэрэг олон салбарын сөргөлдөөн эрчээ авч буй энэ үед хоёр улсын хэвлэл мэдээллийн салбарын зөрчил хурцдах хандлагатай болов.


Тодруулбал, АНУ-д үйл ажиллагаа явуулдаг Хятадын хэвлэл мэдээллийн байгууллагын 40 орчим ажилтны визийн хугацаа маргааш дуусч байгаа хэдий ч АНУ-ын талаас тэдгээр ажилтнуудын визийг сунгах зөвшөөрлийг одоо хүртэл олгоогүй байна. Улмаар Хятадын тал визийг нь сунгахаас татгалзсан дээрх ажилтнуудынхаа нутаг буцах бэлтгэлийг хангасан бөгөөд энэ асуудалтай холбогдуулан АНУ-д хатуу хариу барина хэмээн тус улсын Төрийн мэдлийн Global Times сонины Ерөнхий редактор Ху Сижинь өчигдөр өөрийн Вэйбо хаягаар мэдээлжээ.


Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин өчигдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ “АНУ-д ажиллаж буй Хятадын хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд бүгд виз сунгуулах өргөдлөө аль хэдийн өгсөн боловч нэг ч хүн одоо болтол АНУ-ын талаас зөвшөөрсөн хариу аваагүй байна” гэв. Тэрээр АНУ-ын талыг эрс буруушааж буйгаа илэрхийлээд, АНУ “Хүйтэн дайн”-ы үеийн сэтгэлгээ болих хэрэгтэйг онцолжээ.


Хоёр орны хэвлэл мэдээллийн салбарын харилцаа энэ оны 2-р сараас эхлэн хурцдаж эхлэсэн бөгөөд АНУ-ын тал Хятадын 5-н байгууллагад хязгаарлалт тогтоож, 60-н ажилтныг нь нутаг буцаасан юм. Үүний хариуд Хятад улс АНУ-ын 10 гаруй хэвлэлийн байгууллагын ажилтнуудыг эх орноосоо хөөсөн.

Холбоотой мэдээ