УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 42 хууль, долоон тогтоол батлуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-02-04 12:31:15
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хорооны гүйцэтгэсэн ажлын тайланг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар өнөөдөр танилцууллаа. Тус байнгын хороо энэ хугацаанд 42 хууль, долоон тогтоол УИХ-аар батлуулжээ. 


Ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо нийт 18 удаа хуралдаж, 38 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн 70 төсөл, 14 тогтоолын  төсөл, Байнгын хорооны 18 санал, дүгнэлт, зургаан танилцуулга, зарчмын зөрүүтэй 195 саналын томьёолол бэлтгэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлүүлжээ. Тус байнгын хорооны тогтоолоор, зургаан ажлын баг байгуулж 66 удаа хуралдсан болохыг Байнгын хорооны дарга Х.Нямбаатар мэдээлэлдээ дурдсан. Тэрбээр, энэ хугацаанд хэд хэдэн бие даасан, томоохон хууль УИХ-аар батлуулсныг онцлон тэмдэглэв. Тухайлбал, Өмгөөллийн тухай хуульд хэсэгчлэн, хамт баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болгох замаар өмгөөллийн ажил эрхлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Өмгөөлөгчийг сонгон шалгаруулах, өмгөөлөл явуулах, өмгөөлөгчдийн эрх, үүргийг тодорхой болгох, эрүүгийн болон иргэний эрх хянан шийдвэрлэх ажиллагаа, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн оролцох эрх зүйн байдлыг тодорхой болгосноороо чухал ач холбогдолтой гэв. Монгол Улсад 1924 оноос хойш өмгөөллийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа, 2013 оноос хойш өмгөөллийн үйл ажиллагааг тусгайлан зохицуулсан эрх зүйн орчингүй явж ирсэн бол 2019 оноос эхэлж өмгөөллийн үйл ажиллагааг тусгайлан зохицуулах эрх зүйн орчин бүрджээ. 


Мөн УИХ-ын гишүүн Н.Учрал нарын есөн гишүүнээс өргөн мэдүүлсэн Оюуны өмчийн тухай хуулийг батлуулсныг онцоллоо. Энэ хууль оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, үнэ цэнийг өсгөх, улмаар үйлдвэрлэлд нэвтрүүлэх, төрөөс дэмжих, оюуны өмчийн байгууллагын тогтолцоо, чиг үүргийг олон улсын жишигт нийцүүлэх зорилготойг тэмдэглэв. 


Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын талаарх жил бүрийн тайлан, илтгэлүүдэд хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоог илүү боловсронгуй болгох, тусгай субьектын хэрэг мөрддөг эрүүдэн шүүх ажиллагааг таслан зогсоох чиглэлд ухарсан гэх зэрэг зөвлөмж гардаг. Иймд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталжээ. Цаашид тус Комисс нь таван гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллана. ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулалтыг Парисын зарчимд нийцүүлж олон нийтийн оролцоотой, ил тод, нээлттэй зохион байгуулах бололцоог энэ хуулиар бүрдүүлснээрээ ач холбогдолтой гэдгийг Х.Нямбаатар тодотгов. Хууль зүйн байнгын хороо үүнтэй холбоотой журмыг удахгүй батлах бөгөөд энэ дагуу дээр дурдсан зарчмаар ХЭҮК-ын таван гишүүнийг сонгон шалгаруулах ажиллагааг зохион байгуулна гэлээ. 


УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаар мэдээлэв. Тухайлбал, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой харилцааг боловсронгуй болгох зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар буюу авилгын эсрэг бүлэгт заасан, хэрэгсэхгүй болсон гэмт хэргийг шинээр сэргээн тоолох дагаж мөрдөх журмын тухай хуулийг Хууль зүйн байнгын хороо санаачилж, батлуулсан болохыг цохон тэмдэглэв. Ингэснээр гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоологдохгүй, зөвхөн мөрдөн шалгах хугацаа л тоологдох юм байна. Түүнчлэн Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр биеэ үнэлэх, үүнийг зохион байгуулсан, мөрийтэй тоглосон, зохион байгуулсан, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэх зэрэг харилцааг зохицуулах эрх зүйн орчинг боловсронгуй болгосон байна. Үүний зэрэгцээ Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг нэгтгэн хэлэлцэж, батлуулсан юм. Ингэснээр, Мал хулгайлах гэмт хэрэгт зөвхөн хорих ял оногдуулна гэдгийг Х.Нямбаатар гишүүн онцоллоо. Тодруулбал, ял сонгох санкцыг бүрэн өөрчилж, зургаан сараас таваг жил хүртэлх хугацаагаар хорих ял оноохоор хуульчилсан юм. Олон тооны мал хулгайлсан, бүлэглэн мал хулгайлсан, техник хэрэгсэл ашиглан мал хулгайлсан, хил дамнуулсан мал хулгайлсан тохиолдолд 2-8 жилийн хорих ял оногдуулах бол зохион байгуулалттайгаар мал хулгайлсан, үүнийгээ амьжиргааны байнгын эх үүсвэр болгосон бол 12 хүртэл жилийн ял оногдуулна гэдгийг Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар мэдээллээ. 


Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр тодорхой хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажил үргэлжилж буйг тэрбээр мэдээлсэн. Монгол Улс нэн яаралтайгаар мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд стратегийн дутагдалтай улсын жагсаалт буюу “Саарал жагсаалт”-аас гарахын тулд ФАТФ-аас ирүүлсэн ажлын төлөвлөгөөний дагуу үндэсний хууль тогтоомждоо өөрчлөлт оруулах үүргээ гүйцэтгэх ёстойг хэлсэн. Дээрх төлөвлөгөөнд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах талаар тусгасан байгаа аж. Энэ хүрээнд холбогдох өөрчлөлтүүдийг оруулаад байгааг тэрээр мэдээлэлдээ дурдсан. 


Намрын ээлжит чуулганы үеэр хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисын талаарх мэдээллийг Хууль зүйн байнгын хорооны гишүүд сонссон бөгөөд цаашид энэ чиглэлээр иж бүрэн тэмцэл явуулах зүй ёсны шаардлага байгаа гэсэн дүгнэлтийг гаргажээ. Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, таслан зогсоох, шийтгэх, албадан эмчлэх зэрэг цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх, улмаар олон улсын хөтөлбөрүүдийг авч хэрэгжүүлэх шаардлага үүсээд байгаа гэж үзсэн байна.  


    Хууль зүйн байнгын хороо ээлжит чуулганы завсарлгааны хугацаанд Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Архив албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэх бэлтгэлийг ханган ажиллахаар төлөвлөөд байгааг Х.Нямбаатар гишүүн мэдээллийнхээ төгсгөлд дурдав. 

Холбоотой мэдээ