Дэвшилтэт технологи бүхий цэвэрлэх байгууламжтай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-12-03 11:24:15

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Бохир усны менежментийг сайжруулах МОН-3244/3245 төсөл Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр манай аймагт энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн барилга угсралтын ажил хийгдэж эхэлсэн. Тус ажлын энэ оны гүйцэтгэл хоцрогдолтой, санхүүжилт саатаж байна гэсэн асуудал гарсны дагуу аймгийн удирдлагууд төслийн багийнхан, гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчидтэй пүрэв гарагт уулзалт хийлээ.

2020 оны зургаадугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн ажил хугацаанаасаа хоцрох эрсдэл үүсвэл аймгийн хэмжээнд дахин олон улсын төсөл хөтөлбөрт хамрагдах цаашлаад хотын цэвэрлэх байгууламж, иргэдийн бухимдлыг төрүүлэх зэрэг нэлээд хүндрэлүүд гарах учраас ийнхүү өнөөдөр уулзалт хийсэн байна. Дархан хот байгуулагдахад цэвэрлэх байгууламж нь хоногт 50 мянган шоо метр бохир ус цэвэрлэх боломжтойгоор байгуулагдсан. Гэвч тухайн технологи хоцрогдсон, сэлбэг хэрэгсэл нь үйлдвэрлэгдэхээ больж эрчим хүч асар ихээр зарцуулдаг зэрэг нь өнөөгийн нөхцөлд ашиглах боломжгүй болжээ.

Иймээс бохир усны менежмент төслийг хэрэгжүүлж байгаа аж. Энэхүү төслийн ажил дуусч ашиглалтад орвол аймгийн цэвэрлэх байгууламж нь хоногт 24 мянган шоо метр бохир цэвэрлэж саарал ус гаргах боломжтой болох юм. Өнөөгийн Дарханы гаргаж байгаа бохирын хэмжээ нь хоногт 6 мянган шоо метр орчим байдаг. Харин тус цэвэрлэх байгууламж нь ирээдүйд хүн ам нэмэгдэх үед ашиглах боломжтойгоор хийгдэж байгаа нь ач холбогдолтой ажээ. Цаашлаад тус байгууламжийг өргөтгөх ч боломжтойг төслийн багийнхан хэлж байсан юм. Гүйцэтгэгч компанийн хувьд Азийн улс орнуудад жишиг болох дэвшилтэд технологи бүхий цэвэрлэх байгууламжийг байгуулахаар зорьж байгаа гэдгээ ч уулзалтын үеэр онцолж байлаа. Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төсөл цаашдаа хэвийн үргэлжилж 2020 онд хугацаандаа ашиглалтад орно гэдгийг талууд илэрхийлснээр уулзалт өндөрлөжээ.

 


Холбоотой мэдээ