Ким Ён Жү: Амар тайван нийгмийг бий болгох нийгмийн институц байгуулах зайлшгүй шаардлагатай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2024-04-25 14:23:02

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол Улсад хоёр дахь удаагаа зохион байгуулж буй “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2024” чуулга уулзалтад гадаадын улс орнууд, олон улсын байгууллагын хүндтэй зочин, төрийн дээд түвшний төлөөлөл оролцож байна.

Чуулга уулзалтыг Бан Ги-Муны “Илүү сайн ирээдүйн төлөө” сан, АНУ-ын Стэнфордын их сургуулийн Ази, Номхон далайн судалгааны төв хамтран зохион байгуулж буй бөгөөд чуулга уулзалтад НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги-Мун, Стэнфордын их сургуулийн Ази, Номхон далайн судалгааны төвийн захирал, профессор Жи Вук Шин, манай улсад айлчилж буй Киргиз улсын парламентын дарга Нурланбек Шакиев, БНСУ-ын Үндэсний ассамблейн дэд дарга Ким Ён Жү, Унгар улсын парламентын дэд дарга Лежак Сандор, парламентын гишүүн Арпад Потапи, Казахстан улсын парламентын гишүүн Асем Калашбаева Рахметова нарын албаны хүмүүс хүндэт зочноор ирж оролцож байна. Тэдгээрийн зарим төлөөллийн хэлсэн үг, сэтгэгдлийг хүргэж байна.


БНСУ-ын Үндэсний ассамблейн дэд дарга Ким Ён Жү, миний бие яг нэг жилийн өмнө буюу 2023 оны 6 дугаар сард мөн Улаанбаатар хотноо болсон “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2023” чуулга уулзалтад зочин илтгэгчээр уригдаж оролцож, “Хөдөлмөр эрхлэлтийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо, эмэгтэйчүүдийн эрх, залуучууд болон хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах” талаар илтгэл тавьж байсан юм.

Илтгэлдээ эмэгтэйчүүдийн улстөрийн оролцоог нэмэгдүүлэх квотыг хууль эрхзүйн орчинд тусгах шаардлагатай байгааг онцлон ярьж, БНСУ-ын жишээ туршлагын хуваалцаж байснаа санаж байна. Энэ талаар Монгол Улсын төр, засгийн түвшнийхэн санал их нийлж байсныг ч мөн санаж байна.


Түүнээс хойш Монгол Улс сонгуулийнхаа хуульд жендэрийн мэдрэмжтэй заалтуудыг тусгаж өгснөөр маш том эерэг өөрчлөлт хийж, ахиц гаргасанд их баяртай байна. Энэ талаар сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, дэмжин ажилласан Монгол Улсын Их хурал, парламентын дарга, бүх гишүүнд баярлаж талархаж буйгаа илэрхийлье гэв. Тэрбээр, өнөөдөр бидний хэлэлцэж буй энх тайвныг цогцлоож, амар тайван нийгмийг бий болгоход үүнд тохиромжтой, нийгмийн институцийг байгуулах нь зайлшгүй шаардлагатай байна хэмээн үзэж буйгаа хэллээ.


Унгар улсын парламентын дэд дарга Лежак Сандор, өнөөдөр бид Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг ярихдаа Алтай дамнасан бүс нутгийн хөгжил, хамтын ажиллагааг мөн хөндөн хэлэлцэж байна. Өнөөдөр БНХАУ-ын эдийн засгийн өсөлтөөс улбаалж, Алтай нь Ази, Европыг холбосон тээвэр, эрчим хүчний чухал бүс нутаг болж ирж байна.

2009 онд Түрэгийн зөвлөл, түрэгийн улсуудын байгууллага байгуулагдсан онцлох чухал үйл явдал болсон. Унгар улс энэхүү байгууллагад ажиглагчаар оролцож байгаа бөгөөд энэ байгууллагаар дамжуулан Алтайн ард түмэнтэй харьцах харилцаагаа хөгжүүлэхийг эрмэлзэж байна.

Энд нэмж хэлэхэд, Унгар улсын их, дээд сургуулиудад Алтайн бүс нутгаас ирсэн маш олон оюутан суралцаж буйг хэлэхэд таатай байна. Энэ нь Монгол, Унгар болон бусад орны, бидний хамтын ажиллагаа, харилцаанд чухал гүүр болж чадна гэдэгт итгэлтэй байна.

Манай Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан суралцаж буй гадаадын оюутнуудын тоо жилээс жилд байнга өсөн нэмэгдэж ирлээ. Энхүү тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улсаас жил бүр 200 оюутан хамрагдаж Унгар улсад дээд боловсрол, мэргэжил олгох боломжийг тэдэнд олгож байна. Энэ талын монгол оюутнуудын хүсэлтийг бид баяртайгаар хүлээн авах болно гэв.

 

Холбоотой мэдээ