“Гааг-Гран при-2018” тэмцээний 60 кг-д Д.Амартүвшин алт, Г.Болдбаатар хүрэл медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-11-17 09:11:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жүдо бөхийн ээлжит Гран при тэмцээн баасан гарагт /2018.11.16/ Нидерландын Гааг хотод эхэлж, эрэгтэйчүүдийн 60 кг-д гавьяат тамирчин Д.Амартүвшин алт, Г.Болдбаатар хүрэл медалийн эзэд болов.

Гаагийн татамид 66 орны 443 жүдоч өрсөлдөж байгаа бөгөөд тэмцээний эхний өдөр эрэгтэй 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52 кг жингийн медальтнууд тодорлоо. Д.Амартүвшин Болгар, Сири, Бразилын бөхчүүдийг ялж, “С” хэсгийн, Г.Болдбаатар АНУ, Нидерланд, Францын бөхчүүдийг ялж, хоёул хэсгийн аварга болж шигшээд барилдаанд тэд хоорондоо барилдан энэ удаа Д.Амартүвшин ялж аваргын төлөө барилдахаар болсон юм.

Тэрбээр Японы Аоки Даиг ялснаар аваргын алтан медаль хүртсэн бол Г.Болдбаатар Бразилын бөх Китадай Фелипийг ялж хүрэл медалийн тавцанд гарлаа. Ийнхүү эхний өдөр барилдсан манай бөхчүүдээс 2013 оны ДАШТ-ий мөнгөн медальт Д.Амартүвшин алт, 2014 оны дэлхийн аварга Г.Болдбаатар хүрэл медаль хүртлээ.



Манай бусад бөхчүүдээс эрэгтэйчүүдийн 66 кг-д Д.Алтансүх хэсгийнхээ аварга болж хагас шигшээд үлдсэн ч Израил улсын Баруч, Германы Себастианд ялагдан шагналт тавдугаар байр эзлэв. Мөн энэ жинд барилдсан Д.Төмөрхүлэг гуравдугаар тойргоос тэмцээнээ дуусгав. Харин эмэгтэйчүүдийн 52 кг-д Б.Хорлоодой, Г.Ганцэцэг нар барилдсан ч ялагдлаа.


“Гааг-Гран при-2018”  тэмцээний эхний өдөр Япон нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж эхэлсэн бол Монгол нэг алт, нэг хүрэл, Белги, Украин, Гүрж нэг аваргатай нэхэж байна.


Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 73, 81, эмэгтэйчүүдийн 63, 70 кг жингийн барилдаан болно. Манай улсаас эрэгтэйчүүдийн 73 кг-д С.Чинзориг, эмэгтэйчүүдийн 63 кг-д Б.Ганхайч, Б.Мөнгөнчимэг нар барилдана.



Холбоотой мэдээ