З.Батбаяр: Дэлхий дээрх усны хэмжээ өөрчлөгдөөгүй, гагцхүү ундны ус бохирдож хомстсоор байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2024-03-22 09:04:56

                                                                         -Дэлхийн усны өдөрт-


Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Дэлхий дээрх нийт усны 3 хувь нь цэвэр буюу хүн, амьтны унданд тохиромжтой байдаг ажээ. Үүний талаас илүү хувь нь мөс хэлбэрээр байдаг. Тэгэхээр хүн төрөлхтөн дэлхий дээрх усны нөөцийн дөнгөж нэгхэн хувийг л ашиглах боломжтой гэсэн үг юм. Иймд ундны усыг хайрлах, ариг гамтай хэрэглэх, хамгаалах зорилгоор гуравдугаар сарын 22-ны өдрийг Дэлхийн усны өдөр болгосныг энэ жил “Ус ба энх тайван” уран дор тэмдэглэж байна. Тиймээс монгол түмний чандмань эрдэнэ хэмээн нэрийддэг усны талаар Усны газрын дарга З.Батбаяртай ярилцлаа.


-Дэлхийн цэвэр усны нөөц ийм бага гэхээр ирээдүйд усны нөөц яах бол гэсэн алсын түгшүүр төрөх юм. Манай орны усны нөөцийн талаар яриагаа эхлэх үү?

-Уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай цэнгэг усны нөөц болсон мөнх цас, мөс хайлж, энэ хэрээр далайн усыг нэмж, түвшин нь дээшилсээр байна. Хэрэв энэ хэвээр үргэлжилбэл эх газрын зарим нутаг хумигдах янз бүрийн таамаглал яригддаг. Яг үүнтэй зэрэгцээд ундны ус багасаж байна гэсэн үг. Өнөөдөр хол мэт боловч, анхаарахгүй байх аргагүй сэдэв юм. Монгол орны хувьд 1970 оны үед 610 км куб устай гэж байсан бол одоо 565 км куб ус бий гэдэг. Өнгөрсөн хугацаанд 50 км кубээр хорогдсон нь мөнх цас, мөсөн голууд хайлсантай холбоотой. Гүний усны нөөц 10.8 км куб гэдэг. Дэлхий дээрх усны хэмжээ хэзээ ч өөрчлөгдөхгүй. Зөвхөн цэнгэг ус уух аргагүй болно. Голын ус бохирдоно гэсэн үг. Бид Туул, Сэлбэ голынхоо усыг уудаг байлаа. Хөвсгөл нуурын усыг ууж болж байгаа ч бохирдвол мөн л уухаа болино. Дэлхий дээрх усны хэмжээ багасаагүй, харин уух ус маань бохирдож хомстоод байгаа юм шүү дээ.

Хэр зэрэг их устай вэ гэдэг нь юутай харьцуулахаас шалтгаална. Эх орныхоо 1.5 сая км/кв нутаг дэвсгэртэйгээ харьцуулбал усны нөөц бага. Харин Хөвсгөл гээд гайхалтай сайхан цэнгэг нууртай учир 3.5 сая хүн амдаа хуваарилбал нэг хүнд ногдох усны хэмжээгээрээ ихдээ ч орж магад. Усаа хуримтлуулж, ашиглалтыг нь сайжруулж, хуваарилалтыг жигд болгох шаардлага бий.



-Оршин буй газар нутаг, амьдралын хэв маягаас хамаараад хот, хөдөө, орон сууц, гэр хороололд аж төрдөг хүний усны хэрэглээ өөр өөр. Гэрт амьдардаг хүн хоногт 8 литр, харин орон сууцных 130-180 литр ус ашиглаж байна шүү дээ. Усны жигд хуваарилалтыг яаж зохицуулах вэ?

-Өвөг дээдэс маань усны хэрэглээгээ жигд байлгахын тулд нүүдлээрээ зохицуулдаг, өргөн уудам нутагт, цөөн хүн амьдардаг тул ахуйгаараа усны менежмент хийдэг байж. Өвөлдөө цас, мөсөө хайлж хэрэглэхээс эхлээд, нутаг сэлгэж нүүдэллэдэг нь бүгд учиртай. Үер болсны дараа ногоо ургахад үед нь нүүгээд ирдэг гэх мэт. Өнгөрсөн зууны эхээр хүн амынх нь 70-80 хувь суурин газарт, 21 аймаг, 330 сумын төвд суурьшиж байна. Усны нөөцөө бус зах зээлээ бараадаж нүүснээр зохиомол төвлөрөл бий боллоо. Нийслэлийг анх 500-600 мянган хүн амьдарна гэж төлөвлөн, дэд бүтцээ шийдсэн бол өнөөдөр 3 дахин их хүн амьдарч байна. Тухайн хотод амьдрах хүн амын тоог усны нөөцтэй нь уялдуулах ёстой юм.



Усыг жигд хуваарилах үндсэн арга нь нөөцийн хуримтлал. Нийслэлд зуслан, гэр хорооллын байшинг оруулахгүйгээр тооцоход үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй 378 мянга гаруй байшин байна. Дээврийн ус цуглуулж, стаканд ус хийж шүдээ угааснаар асуудлыг бүрэн шийдэхгүй ч усны багахан ч гэсэн хуримтлал бий болно.

Даланзадгад хотод гэхэд маш сайхан бассейн ашиглалтад оруулж. Харамсалтай нь ашигласан усаа хаяж байна. Бохирдол бага энэ усыг дахин ашиглах боломжтой. Хуримтлал нь хэмнэж, нөөцийг нэмэх замаар жигд хуваарилалт бий болгох арга. Томоор яривал Туул, Орхон, Сэлэнгэ гол үеэрлэхэд усыг нь хуримтлуулж, томоохон нуур цөөрөм, усан сан бүрдүүлснээрээ голоо эргээд тэжээхээс гадна эдийн засгийн хувьд ч үр ашигтай юм.


-Хамгийн шилдэг үлгэр жишээ болохуйц усан сантай орны туршлагаас хуваалцана уу?

-Саятан хотуудын дундаас усан сангүй ганц нийслэл нь Улаанбаатар байх. Жишээ нь Австрийн Вена хот гэхэд Сэлбэ голоос жижиг 4 горхиор тэжээгддэг. Улаанбаатар хот хоногт 300 мянган м/куб, харин Вена хот 500 мянган м/куб ус хэрэглэдэг. Вена хот 1800-гаад оны үеэс 4 горхиныхоо усыг байнга татаж байдаг, газар доор, дээрээ усны нөөцийн маш олон хуримтлалтай. Усны хэрэглээ их үед нөөцөөрөө хангаад, бусад үед хуримтлуулдаг. Энэ усыг крантнаас ууж буй дэлхийн хамгийн цэвэр ус ч гэдэг. Манайд ийм л усан сан хэрэгтэй байна даа.

Нийслэл хоногт 300 мянган метр куб ус ашигладаг. Энэ нь ийм хэмжээний ус бохирдоод Туул голд орж байна гэсэн үг. Сонгино, Эрдэнэсант, Лүнгийн орчим жил бүр усанд автдаг. Тэр их усыг урсгаад өнгөрөөх бус сан байгуулж хуримтлуулах нь чухал юм.


-Улаанбаатар хотод усан сан байгуулах зайлшгүй шаардлагатайг өнгөрсөн онд болсон үерийн дараа нэлээд ярьсан. Усан сан байгуулах тохиромжтой байрлалууд хаана байж болох вэ?

-Усан сан гэдэг нь тухайн голыг олон жилийн дунджид нь барьж, илүү урсцыг нь цуглуулах явц юм. Нийслэлийн Гачуурт орчим, Хар усан тохой, Туул, Тэрэлж голын бэлчир гээд олон газар усан сан байгуулж болно. Санхүүгээс эхлээд бариагүй шалтгаан олон байх. Усан сан барихад хүн бүрийн хүчин зүтгэл, чин сэтгэл хэрэгтэй. Эхлээд усан санг толгойдоо “барих” ёстой. Ямар нэг зүйл хийвэл заавал ашиг бодох юм. Усан сан байгуулах нь хэн нэгэнд ашиггүй ч ирээдүйн амьд үлдэх баталгаа гэдгийг ойлгох ёстой. Багцаалбал, 800 орчим сая ам.доллар буюу 2.4 их наяд төгрөг хэрэгтэй тооцоо яригддаг ч ийм хэмжээний төсөв байхгүй гэдэг.



-Усаа гамнаж, дахин ашиглаж хэвшье гээд машин угаалгын газруудад цэвэр ус хэрэглэхийг болиулсан. Бодит байдал дээр хэр үр дүнтэй хэрэгжиж байна вэ?

-Төрөөс машин угаалгын газарт цэвэр ус хэрэглүүлэхгүй хаавал УСУГ-т жилд төлдөг 375 сая төгрөгийн орлого тасарч алдагдал хүлээнэ. Иймд хэрэглэгч ямар ус хэрэглэхийг шийдэх аргыг сонгосон. Нийслэл дэх машин угаалгын газруудаас 21 нь ус дахин ашигладаг болсныг зарлалаа. Иргэд цэвэр усаар машин угаадаг газраас татгалзах нь усаа хайрлаж буй алхам. Машинаа нэг удаа 200 литр цэвэр усаар угаалгаад байвал үр хүүхэд, ач зээ нарынхаа уух уснаас хумсалж байгаа гэсэн үг. Машин угаалгын газрууд энэ бизнесээ үргэлжлүүлье гэвэл ус дахин ашиглах ёстойг ойлгосон байгаа. Ингэснээр цэвэр усаа хэмнэхээс гадна Төв цэвэрлэх байгууламжид очих хорт бодистой бохир усны хэмжээ багасгаж, алсуураа Туул голын бохирдол багасна.


-Ус дахин ашиглах шаардлагыг машин угаалгын газраас өөр байгууллагад хэрэгжүүлэх үү?

-Дараагийн удаа зочид буудлуудад хэрэгжүүлнэ. Зочид буудлын бохирдол харьцангуй бага ч усны хэмжээ их учир дахин ашигладаг болох хэрэгтэй. Мөн арьс шир, мах боловсруулах, ноос ноолуурын үйлдвэрүүдийг ч хамруулна. Төв цэвэрлэх байгууламж бол үйлдвэрийн бохир усыг бус хүн амын бохир усыг цэвэрлэх зориулалттай юм.


-Машин угаалгын газрууд жилд 125 мянган м/куб цэвэр ус хэрэглэдэг. Цэвэр уснаас татгалзъя гэхэд ийм хэмжээний саарал ус байгаа юу?

-“Эм Си Эс” компани жилд 360 мянган м/куб усыг бохир луу хийдэг. Энэ нь цэвэршигдсэн ус. Машин угаалгын газрын 2-3 жилийн хэрэглээг хангахуйц. Мөн тус компани 360 м/куб цэвэршүүлсэн усны төлбөрт хоёр тэрбум орчим төгрөг төлж байна. Машин угаалгын газрууд энэ усыг ашиглавал АПУ зэрэг бусад том компанийг манлайлан, саарал усыг эргэлтэд оруулах зөв менежмент рүү орох юм. Бохир усны наймаа бий болж, хэрэггүй ус гэж байхгүй, ус дахин ашиглалт л нэмэгдэнэ. Хүмүүс ус дахин ашиглана гэхээр буруу ойлгодог. Миний машины дотор талыг дахин ашиглаж байгаа усаар угаалаа гэдэг. Саарал ус нь хүний ялгадасгүй, ахуйн хэрэглээний ус юм.


-Будаа, жимс ногоо угааж, өндөг чанасан усаараа цэцэг услах зэрэг нь усаа дахин ашиглаж, хуримтлуулахад хувь нэмэр болж байна гэхээр усны менежментэд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо их байна шүү дээ. Тэгвэл Усны газар энэ мэт хэрэглээг сурталчлахад чиглэсэн ямар ажил өрнүүлж байна вэ?

-Гэр бүлд хүн бүрийн гүйцэтгэх үүрэг бий. Устай холбоотой хэрэглээг зохицуулагч нь эмэгтэй хүн. Гэрийнхээ усны хэрэглээг хэрхэн зөв зохистой байлгах үлгэр дуурайлыг эмэгтэй хүн л манлайлна. Угаалгын машинд хэдэн хувцас хийж, хэдэн удаа ажиллуулахыг ээж л шийднэ. Түрээслүүлэгч бүр ус ашиглалтын хяналтаа сайжруулах хэрэгтэй. Усны тухай хуульд заасан байгууллага бүр усны менежертэй болоосой, эмэгтэйчүүдийн нийгэмд гүйцэтгэх үүрэг, манлайллыг нэмье гэдэг нь ердөө энэ юм.


Нэг хүн ус хэмнээд эхлэхэд эргэн тойрныхондоо нөлөөлдөг. Цэцэрлэгт очоод, хүүхдэд усны тухай ойлгуулахад орой нь аав ээждээ ус хэмнэх талаар ярих нь өхөөрдөм, хайр хүрэм санагдана. Миний хүүхэд ингэж ярьж байсан гээд усаа хэмнээд эхэлнэ.

Усны өдрийг угтаж, гол мөрөн, булаг шандаа үргэлж урсахын билэгдэл болгон “Цэнхэр тууз” аян өрнүүлж, усны мэргэжилтнүүд долоо хоног бүр ерөнхий боловсролын аль нэг сургуульд усны мөн чанар, ирээдүйн төлөө усаа хайрлах талаар мэдлэг олгож байна. Хүүхдүүд усны тухай зөв мэдлэг, хандлагатай болбол улс орон, ард түмний ирээдүй тийм л байх болно.



-Та хэлэхдээ, усны нөөц алга болоогүй, харин ундны ус өөр байдалд шилждэг гэлээ. Тэгвэл нийслэлд 17 мянган худгийг тойроод 600 мянга гаруй нүхэн жорлон гүний усыг бохирдуулж байгаа. Үүний зөв шийдэл энэ цаг үед юу байх вэ?

-Би саяхныг хүртэл таны нэгэн адил гэр хорооллын нүхэн жорлон хамгийн бохир гэж бодож байлаа. Гэтэл 11 дүгээр сард хийсэн шалгалтаар, Зайсангийн орон сууцны, хоорондоо холбоогүй 4-5 хотхоны усыг шинжлэхэд гэдэсний савханцар илэрсэн. Зайсангийн бүх хотхоны ундны усыг худгаар шийдсэн байдаг. Худаг нь ан цавын болон гадаргын усаар бохирдсон байх магадлалтай. Эдгээр хотхон төвийн бохирын шугамд холбогдоогүй тул газар доорх, хуванцраар хийсэн танк нь 5-10 жилдээ зүгээр ч өвөлдөө хөлдөж, зундаа тэлээд газар доор юу болсныг мэдэх аргагүй. Ялгадаст байдаг гурван янзын гэдэсний савханцар шууд үхүүлэхгүй ч хүний биед орж үржээд өвчин үүсгэх аюултай. Нүхэн жорлонгүй газраас бохирдол илэрсэн нь хотоо буруу төлөвлөсний л уршиг.


Гэр хорооллын нэг худгийг тойроод 30-40 жорлон бий. Нэг айлын жорлонд 3-5 хүний ялгадас ордог тул хортой хэмжээнд хүртэл нэлээн удна. Гэтэл 9 давхар байрны доорх бохирын танкад цутгаж буй бохир хамгийн аюултай байна. Зүй нь бол усны нөөц, бохирын асуудлыг орон сууц барихаас өмнө шийдэх ёстой л доо.

Энэ өвөл гэхэд Яармагт бохирын шугам хоёр ч удаа задарлаа. Бохироо багтааж дийлээгүй хэрэг. Бохирын шугамууд ачааллаа дийлэхгүйгээс Улаанбаатар хот “Тэсрэхэд бэлэн бөмбөг” дээр байна. Шинээр шугам хоолой тавихаас өөр шийдэл байхгүй.  


Сэлбэ голд хамгаалалтын бүс хийхгүй бол үерт автана гэхэд “Хувийн өмч рүү халдлаа” гэх юм. Ганц хүний өмч байсан газарт барилга барьснаар 100 хүний өмч болно. Тэд үерт автвал, бохирын шугам задарвал нийслэлийн сая гаруй хүн хохирно. Өмч гэдэг нь таны нэр дээрх нийтийн сайн сайхны төлөө зүйл юм. Сүүлийн 30 жилд бид сэтгэлгээ, хандлагаа алджээ. Усанд хандах хандлагаа өөрчил гэхээр зөвхөн цэвэр усаар ойлгох. Бохир усны талаарх хандлагаа өөрчилье. Устай холбоотой зүйлийг аль нэгнээс нь салгаж ярьж болохгүй. Ус гэдэг үгэнд амьд явах тухай утга агуулагддаг.


-Усны дахин ашиглалтын талаарх мэдлэгийг түгээхийн тулд иргэдийг соён гэгээрүүлэх ажил өрнүүлэх үү? Яавал энэ талаарх ойлголтыг сайжруулах вэ?

-Бодит байдлаа л ярья. Хүүхдүүд харшилтай төрөөд байгаа нь агаарын бохирдол, тоосонцортой, чийгшилгүй, ногоон ургамал багатайгаас, Туул, Сэлбэ голын бохирдлоос үүдэлтэй гэж болно. Энэ хоёр голоос мөн л гэдэсний савханцар илэрсэн. Сэлбэ гол үерлэсний дараа эрэг дагуух орон сууцны айлуудын хүүхдийнх нь биеэр юм туурсан гомдол их ирсэн. Үерийн ус туулахдаа гэдэсний савханцар тээж, халдаасан гэсэн үг. Голын хамгаалалтын бүсэд, гол шахаж, жалга битүүлж байшин барих нь маш буруу. Аюултайг үерээр харлаа. Голын хамгаалалтын бүсэд одоогоор 4900 хашаа, 4400 байшин байна. Эдгээрийг нураах, эсвэл үерт автахгүй нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй.


Мөн, барилга барихдаа хөрсний усыг Сэлбэ рүү хийснээс халиа тошин үүслээ. Сэлбэ гол 200-300 метр өргөн намгаар хамгаалагдсан байдаг. Ус их жил намаг нь бамбалзаад, ус бага жил хатаад, голын урсац хэвээр байж байдаг өвөрмөц тогтоцтой. Гэтэл хашаа, байшин барьчихсан. Энэ гол үерлэдэггүй шалтгаан нь намаг. Намаг нь усан сангийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Гол урсдаг газраараа л урсана.  

Өнгөрсөн хагас жилд үер, халиа тошин, зуд үргэлжилж, одоо шар усны үер эхэлж байна. Ирэх 4, 5 дугаар сард газар хуурайшин, голууд шургаж, зургаадугаар сараас үер эхэлнэ. Төлөвлөөгүйгээс үүдээд аюулын араас явдаг болчихлоо. Аюул байгааг хүн бүрд таниулж сэрэмжлүүлж л байна даа.



Түүнээс гадна, зам барьдаг хүмүүс замыг ус хамгийн ихээр эвддэг гэх хандлагаа өөрчилж, замаа аль нэг тал руугаа гүдгэр, ус тогтохгүй болгож болно. Мөн, ус зайлуулах хоолой гэж буруу ярьдаг нь бидний сэтгэлгээтэй холбоотой. Зүй нь ус хуримтлуулах хоолой байх ёстой юм шүү дээ.


-Дэлхийн цаг агаарын дулаарлаас хамаараад олон гол мөрөн, нуур ширгэж байгаа. Хэчнээн нуур, гол, горхи ширгэсэн болон эргээд хэд нь сэргэж байгаа тухай тоон мэдээлэл бий юу?

-Удахгүй энэ талаар статистик тоо зарлана. Гэхдээ энэ тоонд битий хууртаасай. Зуун гол ширгэж, арван гол сэргэх нь байгалийнхаа жамаар болж буй зүйл. Газрын гадарга дээрх болон доорх ус хоорондоо холбоотой. Хаана ямар холбоотойг тэр бүр тогтоох аргагүй. Монголчууд гол байгаа, харин шургачихаж гэдэг. Уул уурхайн компаниуд энд гол алга, хуурай сайр л байна, нүүрс, алтаа ухна гэдэг. Говьд очиход бидний төсөөлдөг ганц ч гол байхгүй. Гэхдээ бүх хуурай сайрыг гол гэж нэрлэдэг. Тэр нь жилд нэг өдөр урсдаг байсан ч монголчууд гол гэдэг. Хуурай сайр, жалга ч ус урсдаг газар. Өнгөрсөн наймдугаар сард 4 хүний амь авч одсон үерийн шалтгаан нь 30 жил ус урсаагүй жалгыг барилгын хогоор булж, барилга барьснаас болсон. Байгалийг хэзээ ч дийлэхгүй, нийцэж л амьдарна.


-Усны газар Дэлхийн усны өдрийг энэ жил хэрхэн тэмдэглэх вэ?

-Дэлхийн усны өдөр бол баяр биш, эсрэгээрээ аюул ирж буйг сануулж байгаа хэрэг. Усны өдрөөр жил бүр тодорхой асуудлыг дэвшүүлдэг. Өнгөрсөн жил үл харагдах зүйлс, асуудлыг ил болгоё гээд “Газрын доорх ус” уриан дор тэмдэглэсэн. Энэ жил “Ус ба Энх тайван” уриатай. Усаар дамжиж энх тайвныг бий болгохыг зорьсон. Хүн бүр өөр өөр зорилготой ч эцэстээ амьд үлдэх нэгэн чигтэй юм. Энэ зорилго дээрээ нэгдэхийг уриалж байгаа.


Яагаад ийм уриа гаргах болсон талаар нэг жишээ дурдъя. Ховд аймагт урсдаг Буянт гол Ховд голд цутгах уу, үгүй юу гэдэг “тэмцэл” болж байна. Буянт голыг Ховд гол руу урсаасай гэж хүссэн байгаль орчны хэсэг болон тарвас тариалж буй иргэдийн хооронд зөрчилдөөн үүсээд байгаа.

Мэдээж тарвас тариалагчид Буянт гол битий урсаасай гэж бодоогүй нь тодорхой. Гэхдээ ийм үйлдэл хийж байна. Буянт голын эргийг эвдээд, бүх шуудуугаа татаж, талбайгаа “усанд автуулаад” байгаа. Энэ гол Ховд голд цутгаж байвал аштай, тустай. Цутгахгүй бол ямар аюул учрахыг бүгд мэднэ.

Тарвас идэхгүй бол яах вэ, усгүй бол яах вэ гэдэг дэнс юм. Нийгэм, эдийн засаг, ард олонд аль нь илүү хэрэгтэйг эрэмбэлэх хэрэгтэй байна. Буянт голын төлөө ийм л зөрчилдөөн үүсээд байна. Тарвасаа усанд автуулдаг, чийг алдуулахгүйн тулд хар цаас дэвсэж, тэр нь байгальд хог болдог гээд бодох асуудал их байна. Үүнд хэн нэг нь ялж дийлэхдээ бус харин тарвасаа ч тарья, гол маань ч цутгаж байг гэдгийг ойлгож, зөв шийдэлд хүрэх. Ийм ч учир усаа хайрлаж, энх тайвнаар зэрэгцэн оршъё гэсэн санаа бүхий уриа гаргасан юм.


Түүнчлэн, усны чиглэлээр ажилладаг Усны газар, УСУГ, Усны үйлчилгээний зохицуулах зөвлөл, Геодоз усны барилга байгууламж, МСС, Туул голын сав газрын захиргаа зэрэг байгууллага нэг зорилго, бодлого чиглэлтэй байхыг уриалж уулзана. Ирэх оны Дэлхийн усны өдөр хүртэл баримтлах зорилго, чиглэл, бодлогоо танилцуулж, усны талаарх бодлого, усны нөөцийн нэгдсэн менежментийн тухай ярилцана. Усны нөөцийн нэгдсэн менежмент нь хүн бүрд хамаатай, утга учиртай. Өнөөдөр нэг литр ус хэмнэх нь 20 жилийн дараа төрөх хүүхдийн ундны ус юм. Иймд ус бидний асуудал биш гэж цааргалмааргүй байна.


Улаанбаатар хотын хүүхдийн парк дахь нуурын ус мөн л ундных. Бороо, дээврийн усаа цуглуулж цэвэршүүлээд хийж болно. Дэлхийн зарим улс хэрэглэж буй усныхаа 60-70 хувийг дахин ашигладаг, бид ядаж 10-20 хувийг нь ашигладаг болмоор байна.



-Та Усны газрын дарга болохдоо ямар санал, санаачилгаас ажлаа эхэлнэ гэж бодож байв. Энэ онд хамгийн түрүүнд хэрэгжүүлж, ард нь гарахыг зорьж буй ажлаасаа хуваалцана уу?

-Би бодлын хүч, итгэл үнэмшилд хамгийн их итгэдэг. Усаа хайрлах хамгаалах нь надаас эхэлнэ гэдэг итгэл үнэмшлийг хүн бүрд төрүүлэхийг хүсэж байна. Үүнтэй зэрэгцээд өнөөх дээврийн ус цуглуулах, усан сан зэрэг асуудлыг ярьж эхэлнэ. Зөв, буруу гэх бус хаана, хэзээ барих, хэр хөрөнгө зарцуулах яриаг эхлүүлье. Мөн иргэдийн аюулгүй байдлын төлөө голын хамгаалалын бүс хийнэ. Дунд гол дагуу барьсан “Авлигал” хорооллыг буулгая гээд 1.5 сая хүн ярьж байсан бол өнөөдөр хотын дарга, бид хоёроос өөр хүн дуугарахгүй болж. Нураая, эсвэл нураахгүй байх аргаа олооч ээ л гэж байгаа юм. Хууль зөрчөөд барилга барьсан бол энэ нь өмч биш. Өмч гэдэг нь хуулийн дагуу бий болсон баялгийг хэлдэг болохоос хууль зөрчиж барьсныг миний өмч гэхгүй. Голын хамгаалалтын бүс дээр ч маргахаа больё.


Манай улс 330 сумтай. Сум бүрд нуур байгуулах зорилго бий. Ядаж 10-20 хувь нь багахан ч гэсэн нуур, цөөрөм байгуулах хэрэгтэй. Манай улсын газар нутгийн 16 хувьд гүний усны эрэл хайгуул хийсэн байдгийг нэмэх санаа байна. Бороо, цасны усыг хуримтлуулдаг болчих юмсан. Машин угаалгын газрууд, арьс ширний үйлдвэрүүд цэвэр усны төлбөрт 3 төгрөг 60 мөнгө төлдөг. Үүнийг 35 төгрөг болгомоор байна. Энд их мөнгө авахдаа бус эдгээр байгууллага усны төлбөр нь үнэтэй болчихоор саарал ус хэрэглэж эхэлнэ шүү дээ. Эдгээр ажлыг энэ жилдээ хийхийг зорьж байна даа.

関連ニュース