Украинд гал зогссонд Путин баяр хүргэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-09-14 13:00:02

ХЕРСОНЕС. /Reuters/. Украины зүүн нутаг дахь мөргөлдөөн зогссонд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин баяр хүргэсэн байна. Урьд нь Украиныг гал зогсоох гэрээг зөрчиж байна гэж Путин буруушаадаг байсан билээ.

Хоёрдугаар сард байгуулсан энхийн гэрээг хэрэгжүүлэхгүй байна гэж Путин Украиныг өнөөг хүртэл буруушааж ирсэн.

“Украины сайн дурынхны батальон болон тус улсын зэвсэгт хүчнийхний Донбасс бүс нутаг руу гал нээх ажиллагаа зогссонд баяртай байна. Өнөөдөр бол гол амжилтдаа хүрсэн өдөр гэж би бодож байна” гэж Путин Крымын Херсонес хотод айлчлах үеэрээ мэдэгджээ.

Өнгөрсөн жил Украинд болсон улс төрийн үймээний үеэр ОХУ Крымыг өөртөө нэгтгэсэн бөгөөд үүнийг Путин тус бүс нутагт хэд хэдэн удаа хийсэн айлчлалаараа нотолсон юм.

Путин сүүлийн айлчлалаараа өөрийн хуучны анд, Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлусконитай уулзсан байна. Сильвио Берлускони Крымд хувийн айлчлал хийж байжээ.

Гал зогсоох гэрээг зөрчиж байна гэж Украин болон босогчид хоёулаа бие биенээ буруушаадаг боловч есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн гал зогсоох шинэ гэрээг талууд сайн хэрэгжүүлж байна гэж Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын олон улсын ажиглагчид мэдэгдэв.

Хоёрдугаар сард байгуулсан энхийн гэрээнд заасан Украины зүүн нутгийн босогчдын төлөөлөгчидтэй шууд хэлэлцээ хийх, мужуудад зориулсан автономит статус болон босогчдод өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх гэх мэт заалтыг хэрэгжүүлэхийг Путин Украинд дахин уриалсан байна.

Минскийн гэрээг хэрэгжүүлэх эцсийн хугацааг сунгах боломжтой гэж Путин мэдэгдсэнийг Кремлийн ордны ажилтан дурджээ.

Украинд нийлүүлэх байгалийн хийн асуудлыг ОХУ зохицуулж, хоёр талын харилцааг дахин сэргээх боломжтой гэж Путин мөн мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

関連ニュース
コメント