Сагсан бөмбөгийн 3х3-ын Азийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-03-27 14:10:59

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн насанд хүрэгчдийн долоо дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Сингапурт эхэллээ. Өнөөдөр, маргааш тус тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд болно. Харин энэ сарын 29-нд хэсгийн тоглолтууд эхлэх юм.


Манай улсын эмэгтэйчүүд “С” хэсэгт багтсан бөгөөд эхний тоглолтоо энэ сарын 29-нд Малайзын эсрэг хийнэ. Хоёр дахь тоглолтоо урьдчилсан шатнаас шалгарсан багтай хийх хуваарьтай. Тэгвэл эрэгтэйчүүд “В” хэсэгт багтсан бөгөөд эхлээд урьдчилсан шатнаас шалгарсан багтай, дараа нь Тайландын багтай тоглоно.


Монголын эрэгтэй баг аваргаа хамгаалах зорилготой оролцож байгаа бөгөөд шигшээ А.Ананд ахалж, Стив Сер удирдаж байна. Тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 31-нд өндөрлөнө.

Related news