ТӨВ: Өнгөтийн цогцолбор дурсгал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-03-25 15:20:37

Зуунмод, 2024 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт, Туул голын хойд хөндийд Өнгөт уулын бэлд Өнгөтийн цогцолбор дурсгал оршдог. Энэхүү цогцолбор дурсгал нь VI-VIII зууны Түрэгийн хаант улсын үеийн тахил шүтээний дурсгалын дотор томоохонд ордог.  

 

Цогцолборыг тойруулан 55х38 м хэмжээтэй гонзгой дөрвөлжин хэлбэртэй далан хэрмээр хүрээлсэн бөгөөд далангийн булангууд нь мөлгөр юм.

 

Шороон далангийн зүүн талаас “балбал” хэмээх зэл чулуудыг зүүн тийш цувруулан зоосон нь хоёр км гаруй үргэлжлэх ба зэл чулууны тоо нь 550 гаруйд хүрдэг.

 

Анхны байрлалаа хэвээр нь хадгалан үлдсэн эдгээр зүйлсээс гадна шороон далангийн дотор талаар олон тооны чулуун хөшөө тархсан байдалтай байдаг.

 

Судлаачид хүн чулуудын тоог харилцан адилгүй тодорхойлсоор ирсэн бөгөөд сүүлийн үеийн судалгаагаар 30 гаруй тусдаа хүн чулууны хугархай хэсэг илэрсэн байна.

 

Үүнээс үзэхэд Монгол болоод Төв Азид судлан шинжилсэн нийт хүн чулуун цогцолбор дурсгалуудын дотроос Өнгөтийн дурсгал нь хамгийн олон хүн чулуутайд тооцогдох аж. Мөн энд хүн чулуунаас гадна чулуун хонь, арслан зэрэг амьтдын хөшөө бий.

 

Өнгөтийн дурсгалын хүн чулууны хийц загвар, бусад нутгаас олдсон ижил төрлийн дурсгалуудаас дүрслэлийн хувьд нэлээд өвөрмөц онцлогтой.

 


Өнгөтийн дурсгалд явуулсан малтлага судалгаагаар морин цэргийн довтолгооноос хамгаалах зорилготой, дөрвөн хурц үзүүртэй, яаж ч шидсэн нэг үзүүр нь дээш харж унадаг “шөрөг” хэмээх төмөр өргөстэй зэвсэг олон тоотой илэрчээ.

 

Түүнчлэн уг цогцолборт явуулсан малтлага судалгаагаар дээврийн ваар зэрэг барилгын хэрэглэгдэхүүн олон гарсан нь энд дээдсийн тахилын сүм байсныг гэрчлэх ба малтлагын явцад мөн чулуун хашлагыг тойрон байрласан 13 модон баганын суурь илэрсэн нь үүнийг давхар нотолж байна.

 

2006 онд Соёлын өвийн төвөөс Өнгөтийн цогцолборын чулуун дурсгалуудыг бэхжүүлэх ажлыг хийжээ.

 

Харин тус дурсгалыг Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор Улсын хамгаалалтад байх дурсгалын жагсаалтад оруулжээ.


 Эх сурвалж: Төв аймгийн Музей, Зургийг: Иргэн С.Бат-Эрдэнэ

Related news