ТӨВ: "Аз жаргалтай эмэгтэй клуб" ажиллаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-04-23 14:23:10

Зуунмод, 2024 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. “Залуучуудын манлайлал – Гэр бүлийн хөгжлийг дэмжих” урианы жилийн хүрээнд “Аз жаргалтай эмэгтэй” клуб өнөөдөр нээлтээ хийлээ.

 

Нээлтийн үеэр зочин илтгэгч Стратеги судлаач Д.Цэцэнбилэг, аймгийн Нэгдсэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн эмч Э.Солонго нар оролцож, хувь хүний хөгжлийн сургалт болон эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл өгөв.

 

Мөн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын сэтгэл зүйч Э.Ану-Үжин сэтгэл зүйн ганцаарчилсан зөвлөгөө өгсөн бол Төв Политехник коллежоос үсэнд оношилгоо хийж, зөвлөгөө өгчээ.

 

Тус клуб нь эмэгтэйчүүдэд гоо зүй, эрүүл мэнд, гэр бүл, амьдрах ухааны боловсрол олгох, өөрийгөө хөгжүүлэх, амьдралын чанараа дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.

 


Тус клубээс дараах ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна. Тухайлбал,

 

- 5 дугаар сард “Гэр бүлийн харилцааны сургалт”, “Гар урлалын сургалт”

- 6 дугаар сард Хүүхдийн хүмүүжил, төлөвшилд чиглэсэн сургалт, “Оёдлын сургалт”

- 7 дугаар сард “Тогооч, нарийн боов, хоол үйлдвэрлэл”-ийн сургалт

- 8 дугаар сард “Гэр бүлд санхүүгийн боловсрол олгох сургалт”, Англи хэлний сургалт

- 9 дүгээр сард “Эрүүл зөв хооллолт”, Япон хэлний сургалт

- 10 дугаар сард Гэр бүл төлөвлөлт болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн сургалтууд

- 11 дүгээр сард Гоо зүйн боловсрол олгох сургалтыг зохион байгуулахаар болжээ.  

 

Мөн нээлтэд оролцогчдоос цаашид зохион байгуулах үйл ажиллагааны санал авсан бөгөөд төлөвлөгөөндөө тусгах тухайгаа онцолж байв.


“Аз жаргалтай эмэгтэй” клуб 18-аас дээш насны охид, бүсгүйчүүд, эмэгтэйчүүдэд нээлттэй бөгөөд эхний удаад Зуунмод суманд, дараагийн удаа бусад 26 сумын охид, эмэгтэйчүүдээ нэгтгэж, үйл ажиллагаагаа тэлэхээр төлөвлөж байгаа аж. 


 

Related news