ТӨВ: “Яргуй-2024” наадам 32 дахь жилдээ болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-05-06 14:05:00

Зуунмод, 2024 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Төв аймгийн хүүхдийн урлагийн “Яргуй-2024” наадмыг 32 дахь жилдээ Зуунмод хотноо зохион байгуулж байна. Тус наадамд 27 сумын 803 хүүхэд, багачууд оролцож авьяас, ур чадвараараа өрсөлдөж байгаа юм.  

 



Наадмыг сургуулийн өмнөх боловсрол, Ерөнхий боловсролын сургуулийн 1-5, 6-9, 10-12 дугаар ангилалд хамтлаг бүжиг, гоцлол бүжиг, гоцлол дуу, гоцлол хөгжим, хамтлаг хөгжим, найрал дуу, язгуур урлагийн төрлүүдээр зохион байгуулж байна.  

 

Уг наадам нь Төв нутгийн алдартан, гавьяатнуудын залгамж халааг бэлтгэх, урлагаар дамжуулан хүүхэд, багачуудад зөв хүмүүжил, гоо зүйн боловсрол олгох зорилготой юм.

 



Энэ жилийн наадмыг аймгийн Гэр бүл ,хүүхэд, хөгжил, хамгааллын газрын дарга М.Буянхишиг, ДБЭТ-ын гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Д.Эрдэнэ-Очир, ДБЭТ-ын хөгжимчин А.Төгөлдөр, “TULIP” балетын сургуулийн захирал, бүжгийн багш Т.Баярмаа нар шүүн явуулж байна.

 


“Яргуй-2024” хүүхдийн урлагийн наадамд оролцож буй Хүмүүн цогцолбор сургуулийн сурагч Г.Анхцэцэгээс сэтгэгдлийг сонсоход, “Энэ жил хоёр дахь жилдээ гоцлол бүжгийн төрлөөр оролцож байна. Өрсөлдөгч хүүхдүүдийн авьяас чадвар үнэхээр сайжирсан байна. Жаахан сандарч байгаа хэдий ч үзүүлбэрээ маш сайн үзүүлэхийг хичээх болно” гэв. 



Related news