Ким Жөн Унтай уулзахыг тэсэн ядан хүлээж байна гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-08-02 17:43:52
МОСКВА. /ТАСС/. Солонгосын дайны үеэр амь үрэгдсэн Америкийн цэргийн албан хаагчдын шарилыг шилжүүлэн өгөхөд дэмжлэг үзүүлсэнд нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унд талархал илэрхийлэхийн сацуу түүнтэй дахин уулзахыг тэсэн ядан хүлээж байгаагаа мэдэгджээ.   

“Хэлсэн үгэндээ хүрч, дайны талбараас эргэн ирээгүй гайхалтай ард иргэдийн маань шарилыг эх орон руу нь явуулсанд Ким Жөн Унд баярлалаа” гэж Д.Трамп “Твиттер” хуудастаа тэмдэглэжээ. Түүнчлэн тэрбээр Умард Солонгосын удирдагчийн илгээсэн захидалд талархаж байгаагаа илэрхийлсэн байна.
 
Умард Солонгос улс амь үрэгдсэн Америкийн цэргийн албан хаагчдын шарилыг шилжүүлэн өгсөн тухай өмнө нь Цагаан ордон зарласан юм. Д.Трамп, Ким Жөн Ун нар өнгөрсөн 6 дугаар сарын 12-нд Сингапурт уулзах үеэрээ энэ талаар тохиролцоонд хүрсэн билээ.
 
Амь үрэгдсэн Америкийн цэргүүдийн шарилыг эх оронд нь авчрах ёслол өчигдөр АНУ-ын Хавай муж улсад байрладаг Сувдан эрэг-Хикэм агаарын цэргийн хүчний баазад болсон юм.
Э.Аянзаяа 
Связанные новости