Хөврөл шилжүүлэн суулгах технологиор ашиг шим сайтай малын төлийг олшруулах боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2018-07-31 14:50:32
NandiaMontsame
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Хөврөл шилжүүлэн суулгах технологи-Монголд" хурал өнөөдөр ХААИС дээр болж Монгол, Солонгосын эрдэмтэд хөврөл шилжүүлэн суулгах технологи, зохиомол хээлтүүлгийн аргаар чанартай малын тоо толгойг нэмэгдүүлэх боломжийг хэлэлцлээ. 

Уг хуралдаанд БНСУ-ын Ханкёнг их сургууль, ХААИС-ийн Мал аж ахуй Биотехнологийн сургуулийн багш оюутнууд оролцож 1987 оноос хойш Монголын мал аж ахуй, тэр дундаа зохиомол хээлтүүлэг, хөврөл шилжүүлэн суулгах чиглэлээр гадаад дотоодын эрдэмтдийн хийсэн судалгааг дүгнэж, цаашид энэ салбарт хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцсэн юм.



Малын зохиомол хээлтүүлэг анх 1954 онд Монголд нэвтэрсэн ч түүнээс хойш энэ арга технологид төдийлөн дэвшилт гараагүй аж. Ашиг шим ихтэй хээлтүүлэгч бух, хуц, ухна зэрэг эр малын тусламжтайгаар зохиомол хээлтүүлэг хийж богино хугацаанд чанартай, ашиг шимтэй малын тоо толгойг нэмэгдүүлдэг байсан бол одоо үед сүүний гарц сайтай үнээ, ноос, ноолуурын гарц сайтай хонь, ямаа зэрэг хээлтэгч эм малд хөврөл шилжүүлэн суулгах шинэ технологиор чанартай малын үр удам, тоо толгойг нэмэгдүүлэхэд дэлхий нийт анхаарч байна.

БНСУ-ын Ханкёнг их сургуулийн профессор Жон Тек Ён “Хөврөл шилжүүлэн суулгах технологи нь богино хугацаанд малын ашиг шимийг нэмэгдүүлэх шилдэг аргуудын нэг. Монгол Улсын Засгийн газар өндөр өртөгтэй ч ач тус ихтэй энэхүү технологийг дэлгэрүүлэхэд анхаарч, хөврөл шилжүүлэн суулгах мэргэжилтэн бэлтгэх цаашлаад мал аж ахуй эрхэлж буй хүмүүст зохиомол хээлтүүлэг, хөврөл шилжүүлэн суулгах аргаар гарсан төлийг өсгөх, арчлах чиглэлээр сургалт зохион байгуулах шаардлагатай. Солонгос үхэр жилд 9-18 мянган литр сүү өгдөг. Сүүний гарц сайтай үнээнээс хөврөл авч, тээгч үнээнд суулган жилд 50 гаруй төл авах боломжтой энэхүү технологийг манайд өргөн хэрэглэдэг” хэмээн ярилаа.



Манай улс хөврөл шилжүүлэн суулгах технологийг судалж Сэлэнгэ, Төв, Булган аймгуудад хэрэглээнд нэвтрүүлээд буйг ХААИС-ийн Мал аж ахуйн сургуулийн профессор Т.Балдан онцлов.

Тэрбээр “Хээлтэгч малын өндгөвчид биологийн зүй тогтлоор нэг л өндгөн эс ялгардаг бол, дааврын тарилгын тусламжтайгаар олон өндгөн эс ялгаруулж болдог. Ийм мал хээлтсэнээр хээлийн савны эвэрт олон хөврөл үүсдэг. Бий болсон хөврөлийг тусгай зориулалтын шингэн зүйлээр гадагшлуулан авч, тээгч малд суулган, ашиг шим сайтай эм малын үр төлийн тоо толгойг олшруулдаг. Тухайн төлийг технологийн дагуу арчилж өсгөхөд манай орны байгаль цаг уурын нөлөөнд автахгүй, эрүүл чийрэг өсч бойждог. Монгол Улсын малын тоо өсөн нэмэгдэж 66 саяд хүрээд байна. Тиймээс малын тоог тодорхой төвшинд барьж, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэхийн тулд энэхүү технологийг ашиглах нь зүйтэй” гэлээ.

Монгол Улс 1930 оноос хойш хивс, нэхмэл, сүлжмэлийн чиглэлийн дөрвөн үүлдрийн хонийг эрчимтэй өсгөн үржүүлж 1980 онд энэ ноосны хонины тоо толгой 750 мянгад хүрсэн. Энэ чиглэлийн хонь арчилгаа их шаарддаг учир мал хувьд шилжсэнээс хойш устах аюул нүүрлэжээ. Тодруулбал нарийн ноостой, өөхөн сүүлтэй Жаргалант үүлдрийн хонь бүрэн устаж, Тал нутгийн цагаан үүлдрийн хонь 600 орчим үлдсэн байна. Тиймээс хөврөл шилжүүлэн суулгах технологи, зохиомол хээлтүүлгийн тусламжтайгаар устаж үгүй болж буй удам сайтай хонийг үржүүлж, тоо толгойг нэмэгдүүлэх боломжтойг хуралдааны үеэр мэргэжилтнүүд хэлж байв.  

“Зохиомол хээлтүүлэг, хөврөл шилжүүлэн суулгах ажиллагааг бүртгэл дээр суурилан хийдэг учир цус ойртох магадлал бага. Монгол Улс нийт малынхаа 40 хувийг, эрчимжүүлсэн мал аж ахуйн бүх малаа бүртгэлжүүлсэн гэсэн тоо бий. Гар утсаа ашиглан тухайн малын гарал үүсэл, амьдын жин, вакцинжуулалтад хамрагдсан байдаг, нэгж циклд өгөх бүтээгдэхүүний хэмжээ зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой Австрали улсын бүртгэл, мөрдөн мөшгөх системийг Монголд нэвтрүүлэх талаар ХХААХҮЯ судалгаа хийж байна” хэмээн Малын үржүүлэг, судалгааны сургуулийн доктор П.Мягмарсүрэн ярив.
 
Связанные новости