Москва хотын бизнесийн төлөөллийн уулзалт зохион байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-22 17:08:09

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. НЗДТГ, МҮХАҮТ, ОХУ-ын Москва хотын Экспортын төв, ОХУ-ын ЭСЯ, Худалдааны төлөөлөгчийн газар хамтран Москва хотын бизнесийн төлөөллийн уулзалтыг "Шангр-Ла" зочид буудалд зохион байгууллаа.


Уулзалтад Москва хотын хүнс, гоо сайхны болон эх, хүүхдийн бараа бүтээгдэхүүн, инновац шингэсэн барилгын материалын 15 компанийн төлөөлөл оролцож, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлан, түншийн харилцаа холбоо тогтоохоор үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна.


Уулзалтын үеэр Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга С.Амарсайхан хэлэхдээ, “Монгол Улс, ОХУ нь урт хугацаанд найрсаг дотно харилцаатай сайн хөршүүд учир хоёр орон урт хугацааны тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаардаг. Манай хоёр орон стратегийн иж бүрэн түншлэлийн хүрээнд харилцаагаа гүнзгийрүүлж байна. Сүүлийн жилүүдэд төр засгийн өндөр түвшний айлчлалууд амжилттай болж хоёр орны төрийн тэргүүн нарын худалдаа, эрчим хүч, хөдөө аж ахуй, соёл, боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэхээр тохиролцсон”-ыг онцоллоо. Тэрбээр, “Монгол Улс Евроазийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж, 367 нэр төрлийн бараанд гаалийн татварын хөнгөлөлт үзүүлэх нөхцөл бүрдүүлсэн нь худалдааг тэлэх томоохон алхам юм. Мөн ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридорын хүрээнд төмөр зам, авто зам, байгалийн хийн хоолойн төслүүдийг хэрэгжүүлэх талаар ярилцсан нь бүс нутгийн тээвэр, эрчим хүч, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах бодит боломжийг бүрдүүлж байгаа”-г дурдсан юм.




ОХУ нь Монгол Улсын гадаад худалдааны чухал түнш бөгөөд 2025 оны эхний 8 сарын байдлаар хоёр улсын худалдааны эргэлт 1.8 тэрбум ам.долларт хүрээд байгаа нь харилцан ашигтай хамтын ажиллагаа өсөн нэмэгдэх боломж байгааг харуулж байна.


Монгол, Оросын худалдааны эргэлт 2024 оны наймдугаар сард 1.704.9 сая ам.доллар, үүнээс монголын экспорт 63.7 сая, импорт 1,641.2 сая ам.доллар байлаа. Манай улсын ОХУ-тай хийх экспортын бүтээгдэхүүнд зэсийн хүдэр, баяжмал, гянт болдын хүдэр, баяжмал, молибдены хүдэр, баяжмал, сүлжмэл гадуур цамц, үхэр, адууны мах, жонш, лейцит, нефелин ба нефелин сиенит, чулуун нүүрс багтдаг. Харин импортын бүтээгдэхүүнд газрын тосны бүтээгдэхүүн, ачааны машин, улаан буудай, азотын бордоо, цахилгаан эрчим хүч, суудлын тээшийн ачааны өөрөө явагч биш вагон орж байна. 

Связанные новости