Монголбанкны хуримтлагдсан алдагдал 2.8 их наяд болж буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-05-15 18:35:40
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Монголбанк 2017 оны тайлангаа танилцууллаа. Макро эдийн засгийн нөхцөл байдлын тоймоор Монгол Улсын дүр зургийг 2016 оны  3  дугаар улирал болон 2017 оны жилийн эцсийн байдлаар харьцуулж  үзвэл эдийн засгийн нөхцөл байдал сүүлийн нэг жилийн хугацаанд сайжирчээ. 

Тухайлбал, эдийн засгийн өсөлт -1.4 хувийн үзүүлэлттэй байсан бол жилийн эцсээр 5.1 хувийн өсөлттэй гарсныг онцлов.

Инфляци өссөн нь эдийн засгийн сэргэлт, валютын ханш, болон цаг агаараас шалтгаалсан нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлстэй холбон тайлбарлаж байна. Мөн түлш, шатахууны үнэ нэмэгдсэн, зарим барааны татвар нэмэгдсэн зэрэг сөрөг нөлөөллүүд гарч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд үнийн дарамт ирснийг тодотголоо. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд жилийн инфляци 6 хувьтай, нийслэлд 6.7 хувь байна.

1.3 тэрбум ам.доллар байсан гадаад валютын албан нөөц 3 тэрбум ам.доллараар нэмэгдсэнд төлбөрийн тэнцэл 1.4 тэрбум ам.долларын ашигтай гарсан нь голлон нөлөөлжээ. 2017 он  Монгол Улсын макро эдийн засаг тогтворжиж өсөлт ажиглагдаж эхэлснээрээ онцлог байсан бөгөөд инфляци Төв банкны зорилтот түвшин 8 хувьд хадгалагдаж, ДНБ-ийн өсөлт, зээлжих зэрэглэл, гадаад өрийн тогтвортой байдал төсөв болон төлбөрийн тэнцэл зэрэг олон үзүүлэлт  эдийн засгийн макро орчныг сайжрахад гол нөлөө үзүүлсэн байна.

Монголбанкинд 2016 оноос хойш хуримтлагдсан 3 их наяд төгрөгийн алдагдал юунаас үүдэлтэй вэ гэдэгт Төвбанкны удирдлагууд хариулахдаа, 2016 онд эдийн засгийн хүндрэлд бодлогын хариу үзүүлэхдээ төлбөрийн тэнцлээ харгалзан үзэлгүй, дотоод тэнцэлд анхааран Засгийн газар, Хөгжлийн банк, Монголбанкнаас хямд хүүтэй эх үүсвэр нийлүүлж, валютын ханшийг хэт хамгаалсан бодлого баримтласан нь нөлөөлсөн гэлээ.

Өөрөөр хэлбэл, зах зээлийн хүүнээс хямд зээлүүдийг эдийн засгийн зарим секторуудад олгосон, гадаад валютын нөөцийг зээлээр бүрдүүлсэн, ханш суларсан, санхүүгийн үүсмэл хэрэгслүүд, гадаад валютын дахин үнэлгээ гэх мэт баланс дээр он дараалан гарсан алдагдлуудыг Төвбанк хүлээсэн гэсэн үг. 3 их наяд төгрөгийн хуримтлагдсан алдагдлыг бууруулахын тулд  Засгийн газрын үнэт цаас гаргаснаар  шийдвэрлэж болох юм байна. Гэхдээ Төвбанк ийм сонголт хийхгүйгээр, өнөөгийн эдийн засаг, Засгийн газрын өр, төсвийн алдагдал зэргийг харгалзан Засгийн газраар үнэт цаас гаргуулахгүйгээр ажиллаж байна. Харин энэ асуудлыг  дотоод үйл ажиллагаагаар шийдвэрлье гэсэн зарчим барьж ажиллаж байгаагаа онцлов.

Санхүүгийн тайлангийн хувьд Монголбанк өнгөрсөн жилд 176.6 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бөгөөд үүний үр дүнд Төв банкны хуримтлагдсан алдагдлын хэмжээ 2.8 их наяд төгрөг болж буурсан болохыг тайланд хөндлөнгийн аудит хийсэн PricewaterhouseCoopers (PwC)  компани баталгаажуулжээ. Хэдийгээр Монголбанкны үндсэн зорилго нь ашиг алдагдал бус, харин төгрөгийн тогтвортой байдал, санхүүгийн тогтвортой байдал хэмээн хуулиар зааж өгсөн ч, Төв банк өндөр хуримтлагдсан алдагдалтай явах нь хараат бус байдалд нь сөргөөр нөлөөлж, үндсэн зорилтуудаа биелүүлэхэд эрсдэл үүсдэг болохыг олон улсын туршлага харуулдаг байна. Иймд эдийн засаг тогтворжиж, хэвийн үйл ажиллагаанд орохын хэрээр Монголбанк цаашид алдагдлыг өсгөхгүй байх, бууруулах боломжтой болохыг мэдэгдлээ. 
Б.Заяа


Связанные новости