АНУ, Их Британиас гадна 23 улсын дипломатчдыг ОХУ эх орноосоо хөөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2018-03-31 10:02:14
МОСКВА. /ТАСС/. АНУ болон Их Британи тэргүүтэй 25 улс орны 140 орчим дипломатчийг эх орноосоо албадан гаргах шийдвэрийг ОХУ гаргаад байгаа  тухай “ТАСС” агентлаг мэдээллээ.
 
Оросын тагнуулч асан Сергей Скрипалийг охиных нь хамт мэдрэл саажуулах химийн бодисоор хордуулсан хэргийн ард Москва бий гэж Их Британи мэдэгдсэнтэй холбоотойгоор АНУ тэргүүтэй 29 улс болон НАТО Оросын дипломатчдыг хөөсөн билээ. Үүнтэй холбогдуулан Оросын ГХЯ өчигдөр холбогдох улс орнуудын Элчин сайд нарыг дуудан ирүүлж, дипломатчдыг нь нутаг буцаах хариу арга хэмжээ авч байгаагаа албан ёсоор мэдэгдсэн байна.
 
ОХУ-ын ГХЯ мэдэгдэхээ “Скрипалийн хэрэгт Орос холбоотой гэж Их Британи ямар ч нотлох баримтгүйгээр мэдэгдсэний хариуд олон улс орон манай улсын дипломатчдыг хөөх шийдвэр гаргасан. Үүний хариуд манай улс ч холбогдох улс орнууд, тодруулбал АНУ, Их Британи, Австрали, Албани, Герман, Дани, Ирланд, Испани, Итали, Канад, Латви, Литва, Македони, Молдав, Нидерланд, Норвеги, Польш, Румын, Украйн, Финланд, Франц, Хорват, Чех, Швед болон Эстонийн дипломатчдыг нутаг буцаах шийдвэр гаргаад байна” гэжээ.
 
ОХУ-ын ГХЯ Их Британийн Элчин сайдыг тусад нь дуудан ирүүлж, Орос дахь Их Британийн дипломатчдын тоог нэг сарын хугацаанд Их Британи дахь Оросын дипломатчдын тоотой адил болгож цөөлөхөө мэдэгдсэн байна. АНУ-ын 60 дипломатчийг хөөж, Санкт-Петербург хот дахь АНУ-ын Консулын газрыг хаана гэдгээ Орос энэ долоо хоногийн пүрэв гарагт мэдэгдсэн  юм.

Орос болон барууны орнууд дипломатчдаа ийн харилцан хөөж, харилцаа нь муудаж байна.

Кремлийн ордны хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өчигдөр мэдэгдэл хийхдээ “АНУ, Их Британи тэргүүтэй улс орнуудад адил хариу барихаас өөр аргагүйд хүрсэн хэдий ч манай улс бусад улстай харилцаагаа улам бүр бэхжүүлэхэд хэзээд бэлэн байна” гэжээ.
 
Г.Доржханд
 

Связанные новости