В.Путин: Зеленскийтэй уулзахад бэлэн, харин баримт бичигт хэн гарын үсэг зурах вэ?

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-06-19 09:50:50

САНКТ-ПЕТЕРБУРГ, 2025 оны зургаадугаар сарын 19 /TASS/. Украины удирдагч Владимир Зеленскийтэй уулзахад бэлэн байгаа хэдий ч “баримт бичигт хэн гарын үсэг зурах” нь ойлгомжгүй байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ. 


“Ташрамд хэлэхэд би бүх хүнтэй, тэр дундаа Зеленскийтэй уулзахад бэлэн байна. Хэрэв Украины төр хэн нэгэнд хэлэлцээ хийх эрх олгож байгаа бол тэр нь Зеленский байх болтугай. Гэхдээ асуудал үүнд биш, харин баримт бичигт хэн гарын үсэг зурах вэ гэдэгт оршиж байна” хэмээн В.Путин олон улсын мэдээллийн агентлагуудын удирдлагуудтай уулзах үеэр хэлжээ.


Тэрбээр цааш нь хэлэхдээ, Украины одоогийн эрх баригчдын хууль ёсны байдлын талаар хүссэн бүхнээ ярьж болно. Гэхдээ ноцтой асуудлуудыг шийдэхэд бидэнд суртал ухуулгын биш, харин онолын үндэслэл чухал” хэмээгээд Украины Үндсэн хуульд зааснаар тус улсын ерөнхийлөгчийг таван жилийн хугацаатай сонгодог бөгөөд дайны байдлын үед бүрэн эрхийг нь сунгах ямар ч механизм байхгүй гэдгийг дурдсан байна. 


ОХУ-ын Ерөнхийлөгч мөн хэлэхдээ, хэрэв тухайн улсын төрийн тэргүүн нь хууль ёсны бус байвал түүний томилсон засаглалын бүх бүтэц мөн адил хууль ёсны бус болно гэжээ.


Хэлэлцээ хийхээс татгалзахгүй гэдгээ тэрбээр дахин онцлоод, үүний тулд их зүйлийг хийх шаардлагатай байна гэлээ.




Связанные новости