Европын сайдууд Ираны сайдтай хэлэлцээ хийжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-06-21 09:24:51

ЖЕНЕВ, 2025 оны зургаадугаар сарын 21 /DW/. Өчигдөр Женев хотноо Герман, Франц, Их Британи улсуудын Гадаад хэргийн сайд нар Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар Ираны Гадаад хэргийн сайдтай хэлэлцээ хийлээ.


Хэлэлцээнд Герман, Франц, Их Британийн сайд нар болох Йоханн Вадефул, Жан-Ноэль Барро, Дэвид Лэмми нар болон Европын Холбооны Гадаад харилцаа, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Кая Каллас, Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи оролцжээ.


Гурван цагийн турш үргэлжилсэн уулзалтын дараа Й.Вадефул хэлэхдээ, Ираны тал бүх чухал асуудлыг хэлэлцэхэд зарчмын хувьд бэлэн байгаа нь харагдлаа гэв.  Тэрбээр цааш нь мэдэгдэхдээ “бүс нутаг даяар маш аюултай нөхцөл байдал үүсээд байна, үүнийг цааш даамжруулахгүй байж, хэлэлцээнд ахиц дэвшил гаргах нь бидний гол зорилт мөн” гэсэн байна. Мөн АНУ хэлэлцээнд оролцох нь маш чухал гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэсний сацуу Герман улсын хувьд Израилын аюулгүй байдлын асуудал чухал гэдгийг дурдав.  


Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Лэмми хэлэхдээ, цөмийн хөтөлбөрийн асуудлаар АНУ-тай хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг Иранд уриалжээ.


Энэхүү хэлэлцээний өмнөхөн Францын Ерөнхийлөгч Э.Макрон дөрвөн хэсгээс бүрдэх саналыг тавьсан юм. Уг саналд юуны түрүүнд, Иран улс уран баяжуулахыг бүрэн зогсоохын тулд Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн төлөөлөгчдийг цөмийн хөтөлбөртэй холбоотой бүх объектод нэвтрүүлэхийг тусгажээ.


Түүнчлэн Ираны тал баллистик пуужин үйлдвэрлэхээ хязгаарлах, бүс нутаг дахь террорист бүлэглэлүүдийг санхүүжүүлэхээ зогсоох, барьцаанд байгаа хүмүүсийг суллах гэсэн гурван асуудлыг тусгасан байна. 

Связанные новости