Т.Ганболд: Төр эрх зүйн орчноо тогтвортой байлгаснаар алтны салбарын хөгжлийг урагшлуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-03-15 15:48:14
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Дотоодын алт олборлогчдыг гадаад түншүүдтэй холбох "Mongolia gold 2018” Алтны салбарын нэгдсэн чуулга уулзалт Корпорейт конвейшн төвд болж байна.

Чуулга уулзалтыг "Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо", "Монголын уул уурхайн бирж"- тэй хамтран зохион байгуулж буй юм.

Алтны салбарынхан нэгдэн сүүлийн 5 жилийн хугацаанд Монгол Улсын эрдэнэсийн санг арвижуулах, гадаад валютыг бий болгох чиглэлээр олон ажлыг төр засагтай хамтран хэрэгжүүлсний үр дүнд жилдээ 3 тонн хүрэхгүй байсан алт олборлолт өнгөрсөн оны байдлаар 20 тоннд хүрч сүүлийн 10 жил тохиогоогүй түүхэн өсөлт болсныг салбарынхан онцолж байв.

Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны УЗ-ийн дарга Т.Ганболд: "Төрөөс эрх зүйн орчноо тогтвортой байлгах тохиолдолд ганцхан алтны салбар гэлтгүй бусад бүх салбарын хөгжилд ач холбогдолтой. Манай улс шиг хангалтгүй хөгжлийн нөхцөлд байгаа орны хувьд бусад улсуудын түүхэн туршлагыг нэвтрүүлэх шаардлагатай. Тодруулбал татварын хамгийн таатай орчныг л бий болгох нь чухал юм. Ганцхан алтны салбар гэлтгүй бүх салбарт татварын таатай орчныг бүрдүүлэх ёстой. Ингэж байж аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа идэвхжиж тоон статистикууд  ил тод бодитой болж хөгжилд хүрэх боломж бүрдэнэ. Үүний дараа гадаад зах зээлээс өөрсдийгөө хамгаалах зорилгоор татварын нөхцлөө өндөрсгөж болно. Одоо яг энэ хөгжлийн үе шатан дээрээ татварын дарамтаа багасгах хэрэгтэй" гэв.
Уулзалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд өнөөдрийн хуралдаанд УУХҮЯ, БОАЖЯ, Сангийн яам, АМГТГ, Хөгжлийн банк, МХЕГ зэрэг төрийн байгууллагуудын төлөөлөл оролцож байна. Мөн үеэр Алт-2 хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх  “Санамж бичиг”-үүдийг байгуулах байв. Тухайлбал Хятадын Алтны холбоо, Канадын “Outetec”  зэрэг олон улсын байгууллагууд Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран ажиллах эхлэлээ тавьж, санамж бичиг байгуулсан юм.

Энэ удаагийн чуулганд алтны салбарт үйл ажиллагаагаа явуулдаг, олон улсын, нэр хүндтэй Sakthi Trading group, Kaloti Precious Metals, байгууллагууд оролцож танилцуулга хийж буйгаараа онцлогтой болж байна.
Мөн хурлын үеэр  хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны бизнес уулзалтууд болж, алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд Монгол Улсын Хөгжлийн Банк болон Голомт банкнаас санхүүжилтийг хэрхэн авах,  шаардлага хангасан банкны ТЭЗҮ-ийг  боловсруулах аргачлал, МБОМХ-ноос нөхөн сэргээлтийн шилдэг туршлагын талаар сургалт, зөвлөгөөг өгч буй юм.

Дээрх чуулган алтны салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг төртэй холбох, алтны салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилтийг шийдэхэд гарц хайх, алтны олборлолт хайгуулын төсөлд хамтын ажиллагааг бий болгох, өргөжүүлэх, бизнесийн харилцаа, алтны хайгуул, судалгааг хөгжлийн шинэ шатанд хүргэх дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэхийг зорьжээ.
О.Мөнхжаргал
Связанные новости