Өнгөрсөн онд их, дээд, сургууль, коллежийг 23.8 мянган оюутан төгсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-19 10:49:50

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Манай улсын боловсролын бүх шатны сургуулийг өнгөрсөн оны хичээлийн жилд 147.8 мянган суралцагч төгсжээ.


Үүнээс ерөнхий боловсролын сургуулийг 103.3 мянган сурагч, техник, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг 20.7 мянган суралцагч, их, дээд сургууль, коллежийг 23.8 мянган оюутан төгссөн байна.


ЕБС-ийг өдрөөр төгсөгчдийн 60.3 мянга нь суурь (9 дүгээр анги), 43 мянга нь бүрэн дунд боловсрол (12 дугаар анги) эзэмшигч байна. 12 дугаар ангийг өдрөөр төгсөгчид өмнөх оны хичээлийн жилийнхээс 7.5 мянга буюу 21.1 хувиар нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.


Техник, мэргэжлийн байгууллагын төгсөгчдийг мэргэжлийн чиглэлээр харахад 12.4 мянга (59.8 хувь) нь инженер, үйлдвэрлэл барилга угсралтын, 4.3 мянга (20.8 хувь) нь үйлчилгээний чиглэлээр төгссөн байна. Харин инженер, үйлдвэрлэл барилга угсралтын  чиглэлээр төгсөгчдийн 75.2, урлаг, хүмүүнлэгийн чиглэлээр төгсөгчийн 55.4, хөдөө аж ахуйн чиглэлээр төгсөгчдийн 51.4 хувь нь эрчүүд байв.


Их, дээд сургууль, коллеж төгсөгчдийн мэргэжлийн тэргүүлэх чиглэлийг харахад бизнес, удирдахуй, хууль, эрх зүй, эрүүл мэнд, нийгмийн халамж тэргүүлж байна. Төгсөгчдийг хүйсээр авч үзэхэд инженер, үйлдвэрлэл, барилга угсралтын чиглэлээр төгсөгчдийн дийлэнх буюу 1.8 мянга (66.1 хувь) нь эрэгтэй байна. Харин бусад салбарын мэргэжлийн хувьд эмэгтэйчүүд дийлэнх хувийг эзэлж байгаа аж. 

Связанные новости