Монгол Улс 177 улстай худалдаа хийжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Монгол Улс 2025 оны эхний 10 сард нийт 177 улстай худалдаа хийжээ. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 21.6 тэрбум ам.доллар болсон байна. Үүнээс экспорт 12.2 тэрбум ам.доллар, импорт 9.4 тэрбум ам.доллар болж, тэнцэл 2.9 тэрбум ам.долларын ашигтай гарсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Экспорт 2024
оны мөн үеийнхээс нүүрс 2.9 тэрбум ам.доллар, угаасан ноолуур 256.7 сая
ам.доллар, боловсруулаагүй газрын тос 55.4 сая ам.доллар, хонь, ямааны мах 14.1
сая ам.доллароор буурчээ.
Харин зэсийн
хүдэр ба баяжмал 1.9 тэрбум ам.доллар, мал амьтны самнасан үс, хялгас 190.9 сая
ам.доллар, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 126.1 сая ам.доллар,
цайрын хүдэр, баяжмал 40.2 сая ам.доллароор нэмэгдсэн.
Импорт 2024 оны
мөн үеийнхээс ачааны автомашин 168.0 сая ам.доллар, нийтийн тээврийн хэрэгсэл
51.3 сая ам.доллар, бульдозер, экскаватор зэрэг 38.7 сая ам.доллар, автобензин
26.8 сая ам.доллар, дизелийн түлш 20.3 сая ам.доллароор буурсан аж.
Нийт экспортын
93 хувь нь Эрдэс бүтээгдэхүүн, үнэт чулуу, металл гоёлын зүйлс эзэлжээ. Харин
импортын 70.9 хувь нь эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан
хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон үндсэн төмөрлөг, түүгээр
хийсэн бүтээгдэхүүн байна.
Алтны үнэ 2024
оны мөн үеийнхээс унц тутамд 814.3 ам.доллар, зэсийн хүдэр, баяжмалын үнэ тонн
тутамд 479.5 ам.доллароор нэмэгдсэн аж.
БНХАУ-д
экспортолсон барааны 40.7 хувь нь нүүрс, 41.1 хувь нь зэсийн хүдэр, баяжмал
байгаа юм. Тэгвэл Швейцар улсад экспортолсон барааны 99.7 хувь нь боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт байна.
Экспортолсон
зэсийн хүдэр, баяжмалын 71.3 хувийг Гашуун сухайт боомтоор хийсэн нь 2024 оны
мөн үеийнхээс 9.2 нэгж хувиар өссөн аж.
ОХУ-аас
импортолсон барааны 71.8 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон Улсаас импортолсон
барааны 77.9 хувийг суудлын автомашин, БНХАУ-аас импортолсон барааны 7.7 хувийг
ачааны автомашин байх юм.
Өндөгний
импортын хилийн дундаж үнэ мянган ширхэг тутамд 83.8 ам.доллар байна. Энэ нь
өмнөх сарынхаас 12.1 ам.доллароор буурчээ.
Экспортын 49.8
хувь нь Гашуунсухайт, 21.6 хувь нь Замын-Үүд боомтоор хийгдсэн нь нийт
экспортын 71.4 хувь нь байна. Импортын 59.6 хувийг Замын-Үүд, 20.9 хувийг
Сүхбаатар боомтоор хийсэн нь нийт импортын 80.5 хувийг эзэлжээ.
Связанные новости
Ulaanbaatar