Зээлжих зэрэглэлийн агентлагууд Монгол Улсын эдийн засаг сэргэх хүлээлт бий гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-01-04 15:55:44
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зээлжих зэрэглэлийн агентлагууд Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөр болон уул уурхайн томоохон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлснээр эдийн засаг сэргэх, улсын төсөв, гадаад төлбөрийн чадвар огцом сайжрах хүлээлттэй байгааг онцоллоо.

Зээлжих зэрэглэлийг Фитч, Стандард энд пүүрс, Мүүдиз агентлагуудаас тогтоодог. Тэгвэл  “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд олон талт болон хоёр талт санхүүгийн эх үүсвэр татах нөхцөл бүрдсэнтэй холбогдуулан Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “В-” төлвийг “Тогтвортой”-гоос “эерэг” болгон сайжруулан үнэлсэн.

Зээлжих зэрэглэлийн төлөв нь зэрэглэлийн цаашдын хандлагыг илтгэдэг. Тэгвэл “эерэг” төлөв нь зэрэглэл цаашид сайжрах боломжтойг илтгэж байна. Тус агентлаг Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн дунд, урт хугацааны өсөлтийг хангаж, гадаад зах зээл, олон улсын байгууллагуудаас тогтвортой санхүүжилт татан, эдийн засгийн болон төсвийн бодлогод туссан зорилтуудад амжилттай хүрсэн тохиолдолд зээлжих зэрэглэлийг цаашид сайжруулах боломжтой хэмээн үзэж байна.

Бусад агентлагуудаас гаргасан Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээ өөрчлөгдөөгүй бөгөөд Мүүдиз агентлаг манай улсын зээлжих зэрэглэлийг “Caa1, тогтвортой”, Стандард энд пүүрс агентлаг “В-, тогтвортой” хэмээн үнэлсэн нь хэвээр байна. Харин Стандарт энд Пүүрс агентлаг 2018 оны 1 дүгээр сард Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дахин үнэлж үнэлгээний тайлангаа олон нийтэд мэдээлэх урьдчилсан товтой байна.

 Б.Заяа
Связанные новости