Нийслэлийн 2018 оны төсвийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2017-12-04 13:02:45
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ ээлжит хуралдаанаар нийслэлийн 2018 оны төсвийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

2017 онд нийслэл 718.9 тэрбум төгрөгийн төсвийн орлого төвлөрүүлэхээр батлагдсанаас өнгөрсөн сарын эцсийн байдлаар 552.8 тэрбум төгрөг буюу 76.9 хувийг бүрдүүлжээ. 2017 он дуусахаас өмнө татвар болон бусад орлогоос 97.7 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж. Харин 2018 оны төсвийн төсөлд нийслэл 800 тэрбум 356 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн. Үүнээс 630.7 төгрөгийг хотын шуудын төсөв, дүүргүүд 169.7 тэрбум төгрөгийн орлого  бүрдүүлнэ. Орлогын 90 хувь буюу 721.5 тэрбум төгрөг зөвхөн татварын орлогоос бүрдэх юм. Хотын шуудын урсгал зардал 342.2 тэрбум төгрөг байхаар төлөвлөсөн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан НИТХ дахь намын бүлгүүд санал дүгнэлтээ танилцуулав.

НИТХ дахь МАН-ын бүлэг 2018 оны төсвийн төслийг ерөнхийд нь дэмжиж байгаа аж. Тус бүлгийн дарга С.Мөнхчулууны танилцуулснаар МАН-аас төсвийн төсөлд тусгах хэд хэдэн санал боловсруулжээ. Тухайлбал, өмнөх онуудад байгуулсан концессийн гэрээний эргэн төлөлтөд зарцуулах хөрөнгийг 685.7 сая төгрөгөөр бууруулах, сургууль орчмын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад зарцуулах 500 сая төгрөгийг хасаж, хөрөнгө оруулалтын зардалд шижлүүлэх, Автохудалдааны цогцолборын дэд бүтцийн ажилд 1.5 тэрбум төгрөг нэмж тусгах зэрэг санал гаргав. Мөн “Улаанбаатар такси сервис” төсөлд 700 сая төгрөг, Улаанбаатар хотын нийтийн болон алслагдсан номын сангуудыг нэгдсэн сүлжээнд холбох, номын баяжилт хийхэд 550 сая төгрөг тусгах санал гаргалаа.

Харин НИТХ дахь АН-ын бүлгээс нийслэлийн төсөвт үр ашиггүй зарлага их байгааг шүүмжлэв. Тус бүлгээс Гэр хорооллын дахин төлөвлөлт болон Иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийг уялдуулж, төсвийг 10 тэрбум төгрөгөөр нэмэх, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах чиглэлд тусгасан 54 тэрбум төгрөгийг 58 болгож өсгөх, багш, эмч нарт олгох урамшууллын хэмжээг нийт 600 сая төгрөгөөр нэмэх, “Нэг өрх- Нэг ажлын байр“ хөтөлбөрт хоёр тэрбум төгрөг тусгах, хүүхдийн аюулгүй байдлыг хангах төсөл арга хэмжээнд нэг тэрбум төгрөг суулгах санал гаргалаа. Түүнчлэн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дэх Л.Энэбишийн өргөн чөлөөг тохижуулах, угсармал орон сууцны дулаан техникийн шинэчлэлд тус бүр нэг тэрбум төгрөг тусгах санал гаргалаа.

НИТХ дэх бүлгүүд болон байнгын хороодоос ирүүлсэн санал дүгнэлтийг нэгтгэх зорилгоор хуралдаан түр завсарлав.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
Связанные новости