Цахим мөнгөний талаарх бодлогыг тодорхой болгох хүлээлт үүсчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-12-02 17:41:03
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Крипто Үндэстэн-2017” чуулган “Блокчэйн технологи ба Монгол Улсын хууль эрхзүйн орчин” сэдвээр үргэлжилж  байна. Чуулганы төлөөлөгчдийн байр суурийг сонссоноо хүргэе.

БЛОКЧЭЙН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ХАМГИЙН ХЯМД, ХҮРТЭЭМЖТЭЙ БОЛГОХ ТЕХНОЛОГИ

 
"Дижитал Эксчейнж Монголиа" ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Б.Гантиг:



-Монголчууд дэлхийн нийтийн гаргасан шинэ технологийг нэвтрүүлэхэд төвлөрч байна. Энэ бол монголчуудад олдож буй том боломж. Тухайлбал төрийн үйлчилгээг хэрхэн цахимжуулах вэ. Уг үйлчилгээг ард иргэддээ хүртээмжтэй болгох боломжийг блокчэйн ирээдүйд тавих нь. Газар олголтын асуудал, уул уурхайн лизенцүүд, иргэний бүртгэлийн системүүд, нотариатын үйлчилгээ, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг блокчэйн руу шилжүүлснээр цаг хугацаа, мөнгөө хэмнэх боломж бүрдэнэ. Харин криптограф нь биткойн буюу цахим санхүүгийн хэрэгсэл нь алттай эн зэрэгцэхүйц валют юм. Биткойны уурхайг Монгол Улс оруулж  олборлолт хийснээр ажилгүйдлийг бууруулахаас эхлээд олон талын ач холбогдолтой. Тиймээс төр засаг хууль эрхзүйн орчныг нэн тэргүүнд бүрдүүлэх шаардлагатай. Эрсдлийн тухайд гэвэл блокчэйн технологид халдлаа гэхэд Google компанийн хэрэглэдэг супер датагаас 100 дахин илүү хүчин чадалтай дата шаардагдах учир хакердах боломжгүй.

 САНХҮҮ, ТЕХНОЛОГИЙН ХӨГЖИЛ САЛШГҮЙ НЭГ ЗҮЙЛ БОЛЖ ХУВИРЧ БАЙНА

“Grape city” ХХК-ийн захирал Д.Сүхдорж:

-Энэ чуулга уулзалтын үр дүнд  Монголын криптовалют түрж гарах болов уу гэж харж байна. Тиймээс бид хатуу валют гарах суурь технологид анхаарах цаг болжээ. Өнөөдөр санхүү, технологийн хөгжил салшгүй нэг зүйл болж хувирч байна. Технологийн шийдлүүдийг үйл ажиллагаандаа түрүүлж нэвтрүүлж байгаа нь зах зээлд хожино. Ямар ч жуучлагчгүйгээр асуудлыг шийдэх том гарц Монголд бий болох нь ээ.

УИХ НЬ МЭДЭГДЭЛ ХИЙХ АНХНЫ ТОХИОЛДЛЫГ МОНГОЛ УЛС БИЙ БОЛГОХ НЬ

Ард санхүүгийн нэгдэл ХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг:



-Дараагийн долоо хоногт УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан биткойн, криптовалютын талаар нээлттэй сонсгол хийхээр боллоо. Монгол Улсын Засгийн газар, УИХ хувийн хэвшлийнхэн хамтраад дэлхий нийтэд биткойн, криптовалютад анхаарч байгаагаа зарлая гэж байна. Өөрөөр хэлбэл Монгол Улс цахим мөнгөний төрийн бодлогоо тодорхойлно гэсэн үг. Дэлхий нийтэд цахим мөнгөний талаар  УИХ нь мэдэгдэл хийж буй анхны тохиолдлыг  Монгол Улс бий болгож буй нь энэ чуулганы үр дүн гэж харж байна. Чуулганы төлөөлөгчид  цахим мөнгөний талаар Монголын бодлого тодорхой болох нь гэсэн хүлээлт үүсч байна.

  ОЛОН ХҮН СЕРВЕР РҮҮ ХАНДАЖ АЧААЛЛЫГ НЭМЖ БУЙ УЧИР ХАНШИД ӨӨРЧЛӨЛТ ОРСОН

АНУ дахь технологи, дизайны “Steppe” компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал. Б.Гэрэлмаа:



-Биткойн нь бусад олон төрлийн криптовалютаас хамгийн өргөн тархсан. 2140 он хүртэл дэлхий дахин 21 сая ширхэг биткойн олборлох боломжтой. Тэгэхээр үүний цаана 6 сая ширхэг биткойн олборлох боломж харагдаж байна. Биткойны арилжааг 13 мянган ширхэг сервер бүхий хяналтын систем хянаж байна.  Нөгөөтэйгүүр криптовалют хөгжлийнхөө эхний гараанд явж байгаа. Үүнийг олон хүмүүс хөөс гэж хардаг. Дэлхийн 300 сая хэрэглэгчтэй криптовалютын арилжаа бол зохиомол зүйл биш. Үнийн огцом савлагааг хөөс гэж зарим хүмүүс үзэж байгаа. Яагаад үнэ савлаад байна вэ гэхээр олон хүн сервер рүү хандаж ачааллыг нэмж буй учир ханшид өөрчлөлт гараад байгаа юм. Өөрөөр хэлбэл ачааллыг багасгахын тулд үнэд өөрчлөлт орж байна гэсэн үг.
 
Б.Заяа 

Связанные новости