Дижитал эрин үеийн хөдөлмөр эрхлэлт рүү хойш суулгүй бэлтгэх хэрэгтэй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-11-16 15:59:44
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд Монгол Улс 2030 он гэхэд нийт хүн амын 80 хувийг дундаж орлоготой болгоно хэмээн тунхагласан. Дундаж орлоготой иргэдийг бий болгох гол үндэс нь хөдөлмөр эрхлэлтийн асуудал юм. Тэгвэл Тогтвортой хөгжлийн үндэсний VII форумаар “Зохистой хөдөлмөр эрхлэлт үү, хөдөлмөр эрхлэлтгүй өсөлт үү” гэсэн сэдвийг тусгайлан хэлэлцэж байна.

Үндэсний Хөгжлийн газар, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг GIZ, Тогтвортой хөгжил Нийгмийн  хариуцлагын зөвлөл хамтран Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд зохион байгуулж буй  Тогтвортой хөгжлийн үндэсний VII форумаар Монголын эдийн засаг ба хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар оролцогсод илтгэл тавьж байна. Тодруулбал Монгол Улсын богино, дунд, урт хугацааны бодлогыг эргэн харж, хүн амын өсөлтөд тулгуурлан ямар салбарт ажлын байр бий болговол зохистой хөдөлмөр эрхлэлт бий болох вэ гэдэгт  мэргэжилтнүүд саналаа хэлж байна.   

НҮБ-аас 17 зорилго, 169 зорилт 241 шалгуур үзүүлэлттэй “Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтыг өнгөрсөн оны нэгдүгээр сард баталсан. Монгол Улсын хувьд дөрвөн бүлэг, 44 зорилт, 20 шалгуур үзүүлэлттэй “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ыг баталсан. Тодруулбал манай улс “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д нэг хүнд ногдох орлогоороо дундаж орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд хүрсэн, тогтвортой өсч байгаа эдийн засгийн олон салбартай, нийгмийн хүрээнд дундаж болон чинээлэг дундаж давхарга давамгайлсан, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалсан, тогтвортой ардчилсан засаглалтай улс болно хэмээн тусгажээ. Ийнхүү Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлснээр Монгол Улс 2030 онд нэг хүнд ногдох үндэсний нийт орлого 17500 ам. долларт хүрч, дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд хүрнэ гэсэн тооцооллыг гаргасан. Харин эдийн засгийн жилийн дундаж өсөлт 2016-2030 онд 6.6 хувиас доошгүй байх зорилтыг дэвшүүлсэн байдаг.

Тэгвэл энэ удаагийн Тэгвэл Тогтвортой хөгжлийн үндэсний VII форумаар тогтвортой хөгжлийн 17 зорилтуудаас “Хүртээмжтэй, тогтвортой эдийн засгийн өсөлтийг дэмжих, нийт хүн амыг бүтээмжтэй хөдөлмөр эрхлэлт, зохистой ажлын байраар хангах" нь чухал гэсэн хэсэгт олон улсын судлаачид, үндэсний экспертүүд саналаа хэлж, цаашид хөдөлмөр эрхлэлтийн асуудал хэрхэх вэ гэдэгт  дүгнэлт өгч байгаа юм. Дэлхий нийт цахимжиж буй энэ үед хүний хөдөлмөрөөс илүүтэй робот ашиглах буюу дижитал эрин үеийн хөдөлмөр эрхлэлт рүү Монгол Улс хойш суулгүй бэлтгэх хэрэгтэй гэдгийг олон улсын судлаачид тодотгож байлаа. Дижитал эрин үеийн хөдөлмөр эрхлэлт нь бүтээмжийг дээшлүүлэх, цагийг үр ашиггүй өнгөрүүлэхгүй байхаас эхлээд олон талын ач холбогдолтой учир дэлхий нийт энэ асуудал руу аль хэдийн анхаарлаа хандуулсан. Харин  Монгол Улс чихээ дэлдийлгэж бэлтгэлд гарах болсныг гадны төлөөлөгчид сануулав.

Түүнчлэн тус форумаар “Монголын эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлт ба дэлхийн Тогтвортой Хөгжлийн зорилт 8-ын үүрэг” үндсэн сэдвээс гадна “Аж үйлдвэржилтийн өөрчлөлтийн эдийн засгийн өсөлтөд гүйцэтгэх үүрэг”, “Хөдөлмөр эрхлэлт байх уу, Монголын хөдөлмөр эрхлэлтийн ирээдүй”, “Орон нутгийн тогтвортой хөгжил, эдийн засгийн өсөлтийг хангах амжилтын хүчин зүйлс ба гол бүрэлдэхүүн” зэрэг сэдвээр салбар хуралдаанууд өрнөж байна.
Б.Заяа 
 Гэрэл зургийг Б.Чадраабал
Связанные новости