Гадаад худалдааг хөгжүүлэхэд ЕАЭЗХ-ны тээврийн сүлжээг ашиглах хэрэгтэй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2017-11-01 13:48:01
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, БНКазУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих зорилго бүхий “Монгол, Казахстаны бизнес уулзалт” өнөөдөр боллоо.

МҮХАҮТ, “Казах Инвест” хамтран хоёр дахь жилдээ болж буй энэхүү арга хэмжээнд БНКазУ-ын эрчим хүч, хоол хүнс, газар тариалан болон машин механизм, барилга, эм, сав баглаа боодлын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг 15 аж ахуйн нэгж оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулсан юм.

Монгол Улс Казахстанаас ихэвчлэн газар тариалан, автомашин, тоног төхөөрөмж худалдан авч байгаа бөгөөд энэ онд хоёр улс 29 сая ам.долларын худалдаа хийжээ. Мөн тус улсын 34 компани Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 18 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Өнгөрсөн онд зохион байгуулсан анхдугаар бизнес уулзалтын үед нийт хоёр талын аж ахуйн нэгжүүд 12 сая ам.долларын худалдаа хийх гэрээнд гарын үсэг зурсан байна. Харин энэ жилийн уулзалт худалдааны боломжийг тэлэх, хамтарсан компани байгуулах чиглэлд түлхүү анхаарч байгаа аж. Цаашдаа Казахстаны экспортыг дэмжих байгууллага буюу “Казах Инвест”-тэй хамтран хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулах боломжийг бүрдүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллахаа МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг дурьдлаа.

Хоёр орны эдийн засгийн харилцааг нэмэгдүүлэхэд тулгамдаж буй гол асуудал нь дэд бүтцийн хөгжил юм. Түүнчлэн Монгол, Казахстаны хооронд шууд нислэг үйлддэг болох шаардлагатай байгааг уулзалтад оролцогчид онцолж байв. Ингэснээр хоёр орны аялал жуулчлалын салбар хөгжих төдийгүй бизнес эрхлэгчид уулзах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж бүрдэнэ хэмээн БНКазУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.Кобландин уулзалтын үеэр хэлээ.

Тэрбээр, “Хоёр орны харилцааг хөгжүүлэхэд дээд хэмжээний уулзалт, төрийн өндөрлөгүүдийн харилцан айлчлал туйлын чухал. Тиймээс БНКазУ-ын төрийн өндөрлөгүүд Монгол Улсын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд нарыг өөрийн оронд айлчлахыг урьсан. Ирэх жил эдгээр айлчлалууд амжилттай болвол хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ихээхэн түлхэц үзүүлнэ. Тээвэр, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд Евроазийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ)-ны гишүүн орнуудын авто болон төмөр замыг ашиглах хэрэгтэй. Энэ чиглэлд хоёр орны холбогдох албаныхан ч онцгой анхаарах нь чухал” хэмээв.

Уулзалтын үеэр худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд “Цагаан нуур” чөлөөт бүсийг ашиглах боломжийн талаар тус бүсийн Захирагчийн ажлын албаны Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Ц.Аззаяа танилцуулга хийлээ.

УИХ-ын 2005 оны 74 дүгээр тогтоолоор байгуулагдсан, 708 га талбай бүхий  тус чөлөөт бүс нь Баян-Өлгий аймгийн төвөөс 65 км, ОХУ-ын Цагаан нуур, Хашаат боомтоос 28 км зайд байрладаг байна. БНХАУ-ын баруун хойд талаас ОХУ-тай холбогдох хамгийн дөт замын дагуу байрлаж байгаа тул худалдааны үйл ажиллагаагаа тэлэх, хамтарсан үйлдвэр байгуулах хамгийн тохиромжтой газар юм. ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин Казахстан улсад хүрэх хамгийн ойр худалдааны бүс тул хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд томоохон түлхэц үзүүлнэ гэдгийг танилцуулгадаа дурьдлаа.

Одоо хоёр орны аж ахуйн нэгжүүд ганцаарчилсан уулзалт хийж, хамтран ажиллах боломжийн талаар ярилцаж байна.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр
Связанные новости