Африкийн цагаачид, дүрвэгчдийг Ливи дэх "боолын зах"-д худалдаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-04-12 14:39:38

ТРИПОЛИ. /ВВС/. Европт очихоор явж буй африкчуудыг замаас нь олзлон аваад Ливийн “боолын захууд”-д худалдаж байна гэж Цагаачлалын асуудал эрхэлсэн олон улсын байгууллага /International Organization for Migration/ мэдэгдлээ.

Хүмүүсийг хууль бусаар хил давуулагчид болон босогчдын бүлэглэлүүд цагаачдыг олзлон аваад, хотын талбайд эсвэл автомашины зогсоолуудад аваачин худалддаг гэж хохирогчид тус байгууллагад мэдэгдсэн байна.

Зураг зурах зэрэг авьяас чадвартай цагаачид, дүрвэгчид илүү өндөр үнэд хүрдэг гэж  тус байгууллагын тэргүүн “ВВС” телевизэд ярьжээ.

НАТО-гийн дэмжлэгтэйгээр 2011 онд удирдагч Муаммар Каддафиг түлхэн унагааснаас хойш Ливийн байдал тогтворгүй байгаа юм.

Сахарын цөлөөс урагш орших Африкийн улсуудын хэдэн зуун залуус “боолын захууд”-ад  хашигдаад байгаа аж. Нэрээ нууцлахыг хүссэн нэгэн сенегал цагаачийн ярьснаар, түүнийг Ливийн өмнөд нутгийн Сабха хотын боолын захад худалдаж байжээ. Дараа нь түүнийг түр хорих байранд хорьсон гэнэ. Тэнд 100 гаруй барьцааны хүн хоригдож байжээ.

Хоригдож байгаа хүмүүсийн ар гэрийнхэн рүү утасдаж, барьцааны мөнгө нэхдэг гэнэ. Ар гэрийнхэнтэй нь утсаар ярьж байхдаа заримыг нь зодож, орилж хашгирч байгааг нь сонсгодог аж.

Есөн сар хоригдсоны эцэст ар гэрийнхэн нь барьцааны мөнгө олсноор суллагдсан өөр нэгэн гэрч ярихдаа “би хоол тэжээлийн дутагдалд орж, ердөө 35 кг жинтэй болж эмнэлэгт хүргэгдэж байсан” гэжээ.

Ливичүүд эмэгтэйчүүдийг ч худалдан авч, гэртээ аваачин “бэлгийн боол” болгодог гэж гэрчүүд ярьсан байна.

Г.Доржханд

 

 

Связанные новости