МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ
МЭДЭЭЛЛИЙН АГЕНТЛАГ

Афганистан, Пакистаны хил дээр мөргөлдөөн гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-10-12 14:31:19

КАБУЛ, 2025 оны аравдугаар сарын 12 /Anadolu/. Афганистан, Пакистаны цэргийнхэн бямба гарагт хил дамнан их буугаар галласнаар хилийн дагуух хурцадмал байдал улам даамжирчээ.


Нийслэл Кабул хотын агаарын орон зайг пүрэв гаргийн орой зөрчиж, Пакистантай хиллэдэг Пактика мужийн Марга дүүрэг дэх нэгэн захыг бөмбөгдсөн гэж Афганистаны “Талибан” хөдөлгөөний тэргүүлсэн түр засаг захиргаа Пакистаны армийг буруутгаснаас нэг хоногийн дараа дээрх үйл явдал болсон байна.


Исламабадын засаг захиргааны зүгээс уг халдлагын ард байгаа гэдгээ батлаагүй, мөн үгүйсгээгүй байгаа боловч иргэдээ хамгаалахын тулд шаардлагатай бүх зүйлийг хийх болно гэж мэдэгджээ. Пакистаны аюулгүй байдлын эх сурвалжууд Афганистантай хил залгаа бүсийн орчимд сүүлийн үед болж буй үйл явдлын талаар “Anadolu” агентлагт мэдээлэхдээ, бямба гаргийн оройноос хойш талууд харилцан гал нээж байгааг дурдсан байна.


“Хост, Нангархар, Пактика, Пактиа, Кунар зэрэг зүүн нутгийн хилийн мужуудад гал нээсээр байгаа бөгөөд хүний ​​амь нас эрсэдсэн тухай мэдээлэл байгаа боловч одоогоор бид тодорхой тоо баримтыг баталгаажуулж чадаагүй байна” гэж уг эх сурвалж мэдээлээд, Афганистаны хилийн цэргүүдийг эхэлж гал нээсэн хэмээн буруутгажээ.


Афганистаны Батлан хамгаалах яамнаас мэдэгдсэнээр, Пакистаны цэргийнхэн Афганистаны агаарын орон зайг удаа дараа зөрчиж, Афганистаны нутаг дэвсгэрт агаараас цохилт өгсний хариуд дайралт хийсэн байна. Яамны товч мэдэгдэлд дурдсанаар, Афганистаны хүчин Дюрандын шугамын дагуу Пакистаны харуулын постуудыг онилон амжилттай хариу ажиллагаа явуулсан бөгөөд эдгээр ажиллагаа шөнө дунд (орон нутгийн цагаар) дуусжээ. 

Связанные новости