МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ
МЭДЭЭЛЛИЙН АГЕНТЛАГ

Нобелийн Энх тайвны шагналтай холбоотой мэдээлэл задарсан эсэхийг шалгаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2025-10-12 13:17:59

СТОКХОЛМ, 2025 оны аравдугаар сарын 12 /NHK/. Энэ оны Нобелийн Энх тайвны шагналтай холбоотой мэдээлэл алдагдсан байж болзошгүй эсэхийг шалгаж эхэлсэн гэж Норвегийн Нобелийн институт мэдэгджээ. Баасан гарагт Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Мариа Корина Мачадо улс орондоо ардчиллыг хөгжүүлэхэд оруулсан хүчин чармайлтынхаа төлөө энэхүү нэр хүндтэй шагналын эзнээр тодорсон билээ. 


Харин Норвегийн хэвлэлд мэдээлснээр, баасан гаргийн үүрээр цахим мөрийтэй тоглоомын нэгэн цахим хуудсан дээр М.Мачадог шагнал авна хэмээн тавьсан бооцоо нэмэгдэж эхэлсэн байна. Уг цахим хуудсан дээр Норвегийн Нобелийн хороо шагналыг зарлахаас 12 цагийн өмнө түүний ялах магадлал 2 гаруй хувьтай байсан бол АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп шагнал хүртэх магадлал 4 хувиас даваад байжээ. Гэвч гурван цагийн дараах байдлаар, М.Мачадогийн ялах магадлал 70 гаруй хувьд хүрч өссөн байна. Улмаар уг цахим хуудасны нэгэн хэрэглэгч 40 мянга гаруй ам.долларын ашиг олсон гэж дээрх мэдээнд дурджээ.


Нобелийн хорооны нарийн бичгийн дарга нарын газрыг хариуцдаг Норвегийн Нобелийн институтээс бооцооны зах зээл дээр гарсан сэжигтэй үр дүн нь хувийн мэдээлэл алдагдсан эсвэл ямар нэгэн төрлийн цахим мэдээлэл задарснаас үүдэлтэй байж болзошгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн байна. Бямба гарагт тус институтээс энэ асуудлыг нухацтай авч үзэж байгаагаа NHK телевизэд мэдээлжээ. Одоогоор нарийн ширийн зүйлс тодорхой болоогүй байгаа боловч үүсээд буй нөхцөл байдлыг шалгаж байгаагаа тус байгууллага онцолсон байна. 

Связанные новости