Америкийн эргийн ойролцоо Оросын тагнуулын хөлөг онгоц явж байсныг илрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-02-15 09:40:49

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын зүүн эргийн ойролцоо мягмар гарагт Оросын Тэнгисийн цэргийн хүчний “Виктор Леонов” тагнуулын хөлөг онгоц явж байгааг илрүүллээ гэж Fox News телевиз мэдээлэв.

Тус телевизийн мэдээлснээр, энэ нь Дональд Трамп Ерөнхийлөгчийн албан тушаалдаа орсноос хойш Оросын хөлөг онгоц эргүүл хийсэн анхны тохиолдол болж байгаа юм.

Америкчууд уг хөлөг онгоцыг Делавэр муж улсын эргээс 112,7 км-ийн зайд явж байхад нь илрүүлсэн байна. Тэгэхээр энэ нь “Виктор Леонов” олон улсын усан хилийн дотор явж байсан ба АНУ-ын усан хилд нэвтрээгүй гэсэн үг юм. Тухайн улсын усан хилийн шугам нь эргээс 22,2 км-ийн зайд байдаг.

“Энэ нь сүржигнээд байх зүйл биш ээ, гэхдээ бид уг хөлгийг сайтар ажиглаж байна” гэж Америкийн нэг албан тушаалтны хэлснийг Fox News иш татжээ.

Өөр нэгэн эх сурвалжийн мэдээлснээр, “Виктор Леонов” хөлөг онгоц АНУ-ын эргийн ойролцоо хамгийн сүүлд 2015 оны 4 дүгээр сард үзэгдсэн байна. Ийм ангиллын хөлөг онгоц нь радио эфирт ярьсан яриануудыг замаас нь барьж авах, гидрлокаторын үзүүлэлтүүдийг судлах зэрэг зориулалттай байдаг аж. Энэ төрлийн хөлөг онгоц нь ЗХУ-д 1980-аад онд усанд тавьсан хөлөг онгоцны гуравдахь загвар юм.

О.Барс

 

Связанные новости