Иран улс ОУЦЭХА-тай хамтын ажиллагаагаа зогсоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-06-25 17:08:29

ТЕХРАН, 2025 оны зургаадугаар сарын 25 /Mehr/.  Ираны Межлис буюу парламент Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагтай /ОУЦЭХА/ хамтын ажиллагаагаа түр зогсоох тухай хуулийн төслийг баталжээ. 


Ираны цөмийн байгууламжуудын аюулгүй байдалд баталгаа олгох, мөн энхийн зорилготой цөмийн хөтөлбөрийг илүү эрчимтэй хэрэгжүүлэх боломж бүрдэх хүртэл Ираны атомын эрчим хүчний байгууллага ОУЦЭХА-тай тогтоосон хамтын ажиллагаагаа зогсоож байна гэж парламентын дарга Мухаммед Багер Калибаф мэдэгдсэн байна. 


Хуульд заасны дагуу Ираны тал цөмийн байгууламжууддаа хяналтын камер суурилуулахгүй байх, ОУЦЭХА-ийн шинжээчдийг нэвтрүүлэхээс татгалзах, тус агентлагт тайлан мэдээлэл өгөхгүй байх эрхтэй. Эдгээр журам Ираны бүх цөмийн байгууламжийн аюулгүй байдалд баталгаа олгох хүртэл хүчинтэй байх ажээ.


Мөн ОУАЭХА-ийн ерөнхий захирал Рафаэль Гроссиг “худал тайлан гаргасан”, “тус агентлагийн зарим төлөөлөгч цөмийн байгууламжуудыг тагнасан” гэх үндэслэлээр хариуцлагад татах ёстой гэж Үндэсний аюулгүй байдал болон гадаад бодлогын байнгын хорооны төлөөлөгчид мэдэгдсэнийг Mehr агентлаг дамжуулжээ.  

Связанные новости