Даниела Гаспарикова: Гамшиг хэлж ирэхгүй тул сурснаа бататгаж байх нь чухал

МОНГОЛЫН МЭДЭЭ
batsaikhan@montsame.mn
2017-01-31 16:52:01

Өнөөдөр Улаанбаатар хот дахь НҮБ-ын төлөөлөгчийн байранд  "Гамшгийн менежментийн төслийн хаалт"-ын  хурал боллоо. Энэ төсөл Монгол улсад 2002 оноос эхэлж хэрэгжээд 2016 онд дуусаад ийнхүү үр дүнгээ хэлэлцэн сайшаалаа.

Люксембургийн Засгийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгээр ОБЕГ-тай хамтран 2002-2011 онд "Монгол Улсад гамшгийн аюулыг бууруулах менежментийн тогтолцоог боловсронгуй болгох нь", 2013-2016 онд "Орон нутгийн түвшинд гамшгийн эрсдлийг бууруулах, менежмент зохицуулалтын чадавхийг сайжруулах нь" төслийг нийт 3,6 сая долларын төсвөөр амжилттай хэрэгжүүлснийг энэ үеэр Төслийн үндэсний захирал, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал онцоллоо.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн орлогч суурин төлөөлөгч Даниела Гаспарикова "10 гаруй жил монголын олон түвшний хүмүүстэй хамтран ажилласнаас гадна ОБЕГ байгуулагдахаас эхлээд олон жижиг төсөл хэрэгжүүлсэн. Яван явсаар тодорхой чиглэл бүхий төсөл бий болсон. Энэ төслийн үр дүнг хэлэхэд олон жилийн ажлаараа түүхээ бичжээ гэдгийг ойлголоо. 2002 оноос эхэлсэн төслийн хаалтад оролцож байгаадаа баяртай байна. 2003 онд Гамшгаас хамгаалах хууль батлагдсан нь энэ төсөлд их чухал нөлөө үзүүлсэн. Төсөлд олон хүн оролцсон. Орон нутгийнхан ч идэвхтэй оролцсоныг тэмдэглэн хэлмээр байна. Үнэлгээний үр дүнгээс харахад онцгой ач холбогдолтой төсөл юм байна гэж дүгнэсэн. Мөн ганц Монгол Улс бус бүс нутгийн хэмжээнд иргэдийг идэвхтэй оролцуулах туршлага боллоо" гэж хэллээ.
Үндэсний төслийн зохицуулагч Ш.Алтанчимэг " Дэлхийд тохиолддог 20 гаруй гамшгийн 10-аад нь монголд тохиолдох магадлалтай. Эдгээр гамшиг тохиолдоход яаж хамгаалах вэ, авран туслах вэ, урьдчилан сэргийлэх вэ гэдгийг төслөөрөө хэрэгжүүлсэн. 5 аймгийн 11 сум, Дархан-Уул аймгийн 2 баг, Улаанбаатарт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо зэрэг 15 нэгж газарт гол үйл ажиллагаагаа явууллаа" гэж тодотгов.

Төслийн үр дүнд одоогоор 10 сум, нэг хороо гамшгийн эрсдлийг бууруулах дунд хугацааны хөтөлбөртэй болж, орон нутгийн хөгжлийн сангийн 20 хүртэлх хувийг зарцуулахаар болжээ.
Мөн зорилтот сум, хороо, хамтын ажиллагааны 14 зөвлөл, малчны бүлэг, ойн нөхөрлөл 67 байгуулагдаж, 111 бүлэг үйл ажиллагаагаа тогтмолжуулжээ. Онцгой байдлын албаны төлөөлөл байхгүй сумын түвшинд 2500 гаруй сайн дурынхныг гамшгаас хамгаалах арга ажиллагаанд сургаснаар сайн дурын бүлгийнхнийг гал унтраах тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангажээ. Одоо тэд түймэр унтраах, хүчтэй салхи, шуурганы үед эрэн хайх ажиллагаанд амжилттай оролцож байна. 3 сумыг цаг уурын автомат станцаар хангажээ. Цаг агаарын сэрэмжлүүлэх мэдээ, аюулт үзэгдлийн мэдээллийг орон нутгийн малчид, иргэдэд гар утсаар шуурхай хүргэх "Багц мессеж"-ийн системийг улсын хэмжээнд бий болгож, 21 аймгийн 319 сум, Онцгой байдлын 40 нэгжийг программ, техник хэрэгслээр хангаж, сургалт явуулсан байна. ОБЕГ, УЦУОШГ ямар ч цагт "багц мессеж"-ийг ашиглан олон хүний амь нас, эд хөрөнгийг хамгаалж байна. Дорнод аймгийн Баяндун, Баян-Уул, Хэнтий аймгийн Жаргалтхаан, Биндэр суманд 880 айлын өвөлжөө, хаваржааг түймрээс хамгаалах зурвас байгуулсан нь 2015 оны хаврын зүүн аймгуудыг хамарсан түймрээс амжилттай хамгаалсан туршлага ч байх аж. Түүнчлэн Дорнод аймгийн Баяндун сумын "Сарлаг нарс" нөхөрлөлийн түймэртэй тэмцэх багаж хэрэгсэл, Дундговь аймгийн Баянжаргалан сумын "Баянхошуу" багийн дулаан өвөлжөө, Дархан сумын 6 дугаар багийн " Аюулгүй гүүр", Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны " Аюулгүй зам", Дундговь аймгийн Говьугтаал сумын "Ус эрдэнэ" төсөл, Хэнтий аймгийн Биндэр сумын "Цагаан нуга" ойн нөхөрлөлийн дугуйт троссон шүүр зэрэг 70 гаруй шилдэг төслийг ч зурагжуулан бидэнд үзүүллээ.

14 суманд гамшгийн эрсдлийг бууруулах , иргэдийг гамшгаас хамгаалах боловсрол олгох сургалтын танхим байгуулж нийтдээ 10 гаруй мянган хүнд үйлчилгээ үзүүлжээ.
Иргэдэд сонирхолтой мэдээлэл хүргэх ухаалаг утасны "Анхаар" аппликейшнийг англи, монгол хэлээр дамжуулснаар 5500 хүн татаж авч ашигласан байна. ОБЕГ-ын дэргэд " Аврагч" студи байгуулж, онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчилж байна. Мөн онцгой байдлын 630 албан хаагчийг сургалт, сургуулилтад хамруулсныг ч ОБЕГ-ын Шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр онцоллоо.
ОБЕГ-ын албадад нийт 600 сая гаруй төгрөгийн техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлсэн байна. Орон нутгийн төсөлд амжилттай оролцсоор ирсэн Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг дарга Ш.Насандулам ч сумаа гамшгаас хамгаалж чадах арга техникийг сурахад иргэдээ идэвхтэй оролцуулжээ.2002 оноос хэрэгжүүлэхээс өнөөдрийг хүртэл тууштай байсны нэг онцлог нь тэрбээр 4 удаагийн сонгуулиар Засаг даргаа хийсний онцлог гэв. Нээрэн улсдаа л байхгүй олон удаа сонгогдсон Засаг дарга гэлтэй. Ийм л содон, сонин ихтэй гамшгаас хамгаалах , гамшгийн эрсдлийг бууруулах менежмент, чадавхийг сайжруулах төслийнхөнтэй уулзлаа. Төсөл дуусавч, сурснаа улам бататган туршлагаа өвлүүлэх чухал юм. Гамшиг ямар хэлж ирэх биш дээ...Сурснаа бататгаад байх нь чухал гэдгийг НҮБ-ын ХХ-ийн суурин төлөөлөгч Даниела Гаспарикова сануулсан шүү.

Ж.Батсайхан

Связанные новости