Алеппогоос хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх ажил үндсэндээ дуусчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМАЛЕППО. /TASS/. Сирийн Алеппо хотоос хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх ажил өнөөдөр дуусах төлөвтэй байна.
Сөрөг хүчнийхэн тус хотоос гарч явж, өөрсдийн хяналтад үлдээд байсан газруудыг чөлөөлөхөөр тохиролцсоны дараа бүслэлтэнд байсан бүсүүдээс энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлж, босогчдыг татаж байгаа юм.
Олон улсын Улаан загалмайн хорооны мэдэгдсэнээр, тус хотоос 25 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлээд байна.
“Сири дэх хүний эрхийн байдлыг ажиглагч” ТББ-ын мэдэгдэлд “мягмар гарагийн үдийн дараах байдлаар, тус хотод 3000 хүртэлх тооны хүн нүүлгэн шилжүүлэхийг хүлээж байсан” гэж дурджээ.
Алеппогоос хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх ажил орон нутгийн цагаар лхагва гарагийн өглөө гэхэд дуусна гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу нар мэдэгдсэн байна.
Алеппо хот өнгөрсөн долоо хоногийг хүртэл Сирийн сөрөг хүчний гол түшиц газар байсан юм. Оросын армийн дэмжлэгтэйгээр Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын цэргүүд тус хотыг өнгөрсөн долоо хоногт бараг бүрэн чөлөөлсөн билээ.
Г.Доржханд