Грекийн төсвийн илүүдлийг ядуу өндөр настнуудад хувааж өгнө
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМАФИН./TASS/. Зул сарын баярыг тохиолдуулан 850 еврогоос /2 сая 264 мянган төгрөг/ бага хэмжээний тэтгэвэр авдаг эмзэг ядуу бүлгийн өндөр настнуудад нэг удаагийн тусламж болгон олгох 617 сая еврог улсын төсвөөс гаргахаар Грекийн Засгийн газар шийдвэрлэжээ. Энэ тухай тус улсын Ерөнхий сайд Алексис Ципрас телевизээр мэдэгдсэн байна.
“Ядуу хүмүүсийг дэмжинэ гэсэн амлалтаа биелүүлэхийн тулд 2016 оны төсвийн илүүдлийн ихэнхийг амьдралын түвшин доогуур тэтгэвэр авагчдад олгохоор болсон” гэж Ципрас онцолжээ. Тодруулбал, сард 850 еврогоос бага тэтгэвэр авдаг 1,6 сая хүнд нэг удаагийн тусламж олгох аж.
Энэ онд Грек улсын төсвийн илүүдэл /профицит/ ДНБ-ний 1,1 хувьтай тэнцэх хэмжээнд хүрсэн нь засгийн газар болон олон улсын зээлдүүлэгчдийн хооронд байгуулсан гэрээнд тусгасан 0,5 хувь гэсэн үзүүлэлтээс 2 дахин давлаа. Тус улсын эрх баригчдын мэдэгдсэнээр, 7 жилийн турш үргэлжилсэн их уналт зогсч, энэ онд эдийн засгийн өсөлт 2,7 хувьтай гарах бололтой.
Өнгөрсөн 11 дүгээр сард Грекийн нийслэлд олныг хамарсан жагсаал болж, төсвийн хатуу хэмнэлтийн бодлогын хүрээнд тэтгэврийн хэмжээг бууруулахыг эсэргүүцсэн байна.
Х.Сарнай