Йеменд 2 хоногийн хугацаанд гал зогсооно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-11-19 11:17:44

САНАА. /TASS/. Йемений засгийн газрыг дэмжин “Хусит” бүлэглэлд агаараас цохилт өгөх ажиллагаа явуулж буй Саудын Арави тэргүүтэй цэргийн эвсэл өнөөдөр шөнө дундаас эхлэн 48 цагийн хугацаатайгаар гал зогсоохоо мэдэгдлээ.

Эвслийн мэдэгдсэнээр, хэрвээ “Хусит”-ынхан зөрчихгүй бол гал зогсоох хугацааг сунгаж магадгүй. Йемений баруун өмнөд нутгийн босогчдын хяналтанд байгаа бүсүүдийн оршин суугчдад хүмүүнлэгийн тусламж хүргэхийн тулд гал зогсоохоор шийджээ.

Тус улсад 20 сарын өмнө эхэлсэн иргэний дайны хөлд 10 мянга гаруй хүн өртөн амь үрэгдээд байгаа юм.

“Хусит”-ынхан одоогоор ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. Гэхдээ тус бүлэглэл өмнө нь гал зогсоох хэлэлцээрийг удаа дараа зөрчиж байсан юм.

НҮБ-ын мэдэгдсэнээр, тус улсын гурван сая гаруй иргэн зэвсэгт мөргөлдөөний улмаас орон гэрээсээ дүрвэжээ. Мөн 21 сая хүнд яаралтай тусламж хэрэгтэй байна.

Тус улсын хэмжээнд хоёр сая хүн, тэдний дотор 370 мянган хүүхэд хүнс тэжээлийн дутагдалд ороод байгаа ажээ.

Иргэний дайны улмаас тус улсын эрүүл мэндийн салбар доройтолд оржээ. ДЭМБ энэ сарын эхээр мэдэгдэхдээ “Йемений эмнэлгүүдийн талаас илүү хувь нь хаалгаа бариад байна” гэсэн юм.

Г.Доржханд

Связанные новости