ХӨВСГӨЛ: Жарганатын голд “Маанарын соёл”-ыг сурталчилна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-12-04 12:52:10

Мөрөн, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор ирэх оны нэгдүгээр сарын 17-19-нд Рэнчинлхүмбэ сумын Жарганатын голд дархад түмний өв соёлыг сурталчлах “Маанарын соёл” үйл ажиллагааг Хаан тэнгэрийн Самгалдай төвөөс зохион байгуулна.


Энэ үеэр дархадын хотгорын түүх газар зүйн онцлог, хүйтэнд хөлдөхгүй мөнх ногооноороо байх Жарганатын голын тухай  танилцуулж лусын тахилга хийнэ.


Мөн Маанарын хоол цайны соёл, тоглоом наадгай, дуу хуур өв соёлоос танилцуулж, галын тахилга, наадам болно.


Маанар гэдэг үг нь Монгол улсын нутаг дэвсгэрийн хойд хэсгээр нутаглах дархад ястны нийтлэг нэр юм. Маанарууд бол ажилсаг, шооч ард түмэн билээ.


Рэнчинлхүмбэ сумын төвөөс 5 км зайтай байдаг Жарганатын гол -50 хэмд хөлддөггүй учраас нутгийн иргэд амьд устай гэж үздэг байна.


Голын харзанд өвлийн улиралд иргэд их ордог бөгөөд маш дулаахан, дотор нь ургасан өвс ургамал ногооноороо цэцэглэн ургасаар байдаг юм.


Мөн голын уур манан ойр орчмын мод бутыг цантуулж, өвлийн улиралд маш үзэсгэлэнтэй болдог учраас гадаад, дотоодын аялагчид зорин очиж сонирхон үзэж зургаа авхуулдаг болсон байна.


Голын ус маш гүнээс гардаг тул зуны улиралд их хүйтэн байдаг.


Жарганатын гол Улаанбаатараас 973 км, Мөрөн хотоос 245 км, Рэнчинлхүмбэ сумаас 5 км-ийн зайд байдаг.

 

Связанные новости