Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт өнөөдөр ажиллалаа.
Энэ үеэр эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн
урамшуулалд нэг тэрбум төгрөг, урвалж оношлуур худалдан авахад зориулж 400 сая
төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар болсныг дуулгав.
Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн Яаралтай
тусламжийн тасагт хоногт 80-140 хүүхэд үйлчлүүлж байна. Өөрөөр хэлбэл ачаалал
гурав дахин нэмэгджээ. Нөхцөл байдалтай уялдуулан нэмж 20 ор дэлгэж, орны тоог 100-д хүргэсэн талаар
эмнэлгийн удирдлагууд мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар 98 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.
Өнгөрсөн 7 хоногт 839 хүнд үзлэг хийснээс 60 хувь нь 5-14 насныхан байжээ.
Харин хэвтэн эмчлүүлэгсдийн 75 хувийг 5 хүртэлх насныхан эзэлж байна. Өндөр
халуурах, цээж шуугих, хоолой сөөж бачуурсан зэрэг шинж тэмдгээр илэрч буй
томуу, томуу төст өвчлөлд бага насны хүүхдүүд илүү өртөж, хүндэрч байгааг эмч
нар онцоллоо. Тиймээс Өрхийн эрүүл мэндийн төвүүд гэрээр хийх үзлэгийг
тогтмолжуулах шаардлагатай гэв.
Бүх шатны эмнэлгүүд илүү цагаар ажиллаж байна. Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг 17:00-20:00 цагийн хооронд илүү цагаар ажиллаж эхэлснээр 2-3 цагийн хүлээгдэл нэг цаг болж буурсан тухай эмнэлгийн удирдлагууд танилцууллаа.


Ulaanbaatar