ОРХОН: Томуу, томуу төст өвчний тархалт идэвхжил түвшинд шилжжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог түвшинд байна. Харин Орхон аймагт томуу, томуу төст өвчний тархалт идэвхжил түвшинд шилжсэнийг аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Амбулаториор хандан тусламж үйлчилгээ авсан иргэдийн 14.4 хувь нь томуу, томуу төст өвчин, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 32.2 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна. Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 78.3 хувь нь 5 хүртэл, үүний 29.0 хувь нь 1 хүртэл, 28.7 хувь нь 2-4 насны хүүхэд эзэлж байна.
Вирус судлалын тандалтаар 35 хувьд нь томуугийн A(H3N2) илэрсэн байна. A(H3N2) вирус нь улирлын томуугийн вирус бөгөөд энэ жилийн хувьд эргэлтэд эрт орж ирж буй онцлогтой байна. Цэцэрлэгийн хүүхдийн 11.6 хувь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна.
Аймгийн БОЭТ-д нэмэлтээр 50 ор дэлгэж, хүүхдийн орны тоог 100-д хүргэж, эмч, сувилагч нэмэлтээр ажиллуулах болон сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд эрсдэлт бүлгийн хүн ам /5 хүртэл насны хүүхэд, жирэмсэн болон төрсөн ээжүүд, хэвтрийн болон хүнд хэлбэрийн архаг өвчтэй иргэд/-ын тусламж үйлчилгээг гэрийн эргэлтэд шилжүүлэх, өрхийн эрүүл мэндийн төвүүд өдрийн эмчилгээнд хамруулж, эмнэлзүй болон үйлчлүүлэгчийн онцлогт тохирсон эмийн багцаар эрсдэлт бүлгийн иргэдэд үйлчилж байна.
Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэгчдийг амны хаалт зүүлгэх, гар халдваргүйжүүлэх нөхцөлөөр ханган, амьсгалын замын халдварын шалтгаантай үйлчлүүлэгчдийг тусад нь тусламж үзүүлэх урсгал зохион байгуулалтыг хийх, бага насны хүүхдүүдийн эмнэлэгт хэвтэлтийг бууруулах эцэг, эх, асран хамгаалагч нарт чиглэсэн асаргаа, сувилгааны зөвлөмжийг тогтмол хүргэх, хүүхдийн байгууллагын ирцийн тандалтыг өдөр бүр хийх зэргээр аймгийн Эрүүл мэндийн газраас ажлын хэсэг гарч ажиллаж байна.
Мөн иргэдийг ханиад, томууны шинж тэмдэг илэрсэн, өндөр халуурсан тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад хандан эмчийн зөвлөмжийн дагуу эмчлүүлэн, хүндрэлээс сэргийлэхийг Орхон аймгийн Эрүүл мэндийн газраас зөвлөж байгаа юм.

Ulaanbaatar