Хашааны стандартыг зэрлэг амьтдад ээлтэй болголоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2025-11-24 12:29:08

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хот орчимд 2018-2025 онд 44 зэрлэг амьтан хашаанд хавчигдаж, сүлбүүлж хорогджээ. Эдгээрийн 15 нь Монгол Улсын ховор амьтны жагсаалтад орсон халиун буга байсан нь экологи эдийн засгийн үнэлгээгээр 100 сая гаруйтөгрөгийн хохирол учруулсан гэсэн үг ажээ.


Тиймээс НБОГ-аас нийслэлийн зуслан, улсын тусгай хамгаалалтай газар нутгийн хашаанд тавих стандартыг батлуулж, энэ оны 10 дугаар сарын нэгнээс хэрэгжүүлж байна. Стандартын дагуу хашаа 1.2 метрээс өндөргүй, газрын гадаргаас 45 см зайтай буюу жижиг биетэй амьтан шургаж гарах боломжтой, хашааны төмөр хоорондын зай 7 см байхаар тусгажээ. 


НЗДТГ-ын мэдээлснээр, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 58 зүйлийн хөхтөн амьтан тархсан байдаг. Зуслангийн бүсэд хашааг эмх замбараагүй, стандартгүй барьснаар амьтад хүнээс, зэрлэг нохдоос үргэх, идэш тэжээл хайх үедээ хашаанд хавчигдан сүлбүүлж үхэх болжээ.


НБОГ-ын Ногоон бүсийн ашиглалт, хамгаалалтын хэлтсийн дарга Ц.Цолмонбаатар зуслангийн бүсэд оршин суудаг, үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжийн хашааг стандартад нийцүүлэх мэдэгдэл хүргүүлж байгаага тодотгоод, зэрлэг амьтанд ээлтэй хашааны стандартыг өмчийн хэлбэр үл харгалзан заавал мөрдөхийг уриаллаа.


Нийслэлд 2018-2025 онд 700 орчим дуудлагаар 800 орчим амьтныг аварч, байгальд нь тавьжээ. Эдгээрийн 200 орчим нь гэмтэж, бэртэн тусламж авсан байна. Амьтдыг нийслэлийн ногоон бүсэд оруулахгүйн тулд хавар, намрын улиралд тухайн амьтны байршил нутагт нь буюу нийслэл орчмын 18 цэгт биотехникийн арга хэмжээ авдаг ажээ

Связанные новости