Монгол хэл, хэл шинжлэлийг шинэ цонхоор харж шинээр бүтээсэн Бямбын Ринчен
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Бямбын Ринчений 120 насны ойн өдөрт
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. МУБИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн зөвлөх профессор, доктор Ц. Өнөрбаян, МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор Т. Эрдэнэ-Очир нараас нэрт эрдэмдэн Бямбын Ринчений талаар зарим зүйлийг тодрууллаа.
-Их эрдэмтэн Бямбын Ринчений Шинжлэх ухаанд оруулсан хувь
нэмрийн талаар та хэлэх үү?
Ц. Өнөрбаян:-Би оюутан ахуй үеэ оруулаад 58 жил энэ сургуулиас эрдэм номын хишиг хүртэж шавь нартаа бас эрдэм номын хишиг хүртээж яваа хүн л дээ. Монгол Улсын 20 дугаар зууны олон улсын Монгол судлалын суурийг тавьсан алдарт эрдэмтэн Б. Ренчин, Ц. Дамдинсүрэн, Ш.Лувсанвандан гурав байна. Энэ гурвыг Монгол судлалын 20 дугаар зууны ноён оргил гэж үздэг юм.
Монгол судлалын олон салбарт өөрийнхөө мөрийн үлдээсэн
алдартай эрдэмтэн тун ховор хүн эд нар
дотроос Бямбын Ринчений гуай байгаа юм.
Монгол хэл бичиг, угсаатны зүй, орчуулга гээд маш олон
салбараар суурь судалгааны болон монгол судлалын олон өнгө төрхийг тодорхойлсон
олон үйлс бүтээсэн гайхамшигтай эрдэмтэн. Энэ хүнийг үнэлнэ гэдэг бол их хэцүү,
түүний том том бүтээлүүдээс мэргэжлийн хүний хувьд авч үхэд өрнө дахины, дорно
дахины хэл шинжлэлийг хослуулж Монгол хэл шинжлэлийг шинэ цонхоор харж шинэ
шатанд шинээр бүтээж гаргаж чадсан гэж хэлнэ.
”Монгол хэлний зүй” гэдэг алдартай бүтээлээрээ Унгар улсад
шинжлэх ухааны докторын зэргийг 1956 онд анх удаа хамгаалсан хүн. Дараа нь
бүтээлээ шинэчилж, шинэ агуулгаар баяжуулж 1960-аад онд 4 дэвтэр боть ном
гаргажээ.
Энэ бүтээл бол монгол судлалын олон үзэгдлийг монгол үндэсний болон дэлхийн хэл шинжлэлийн арга зүйгээр судлах эхийг тавьсан гайхамшигтай хүн.
Т.Эрдэнэ-Очир: -Академич Бямбын Ринчен гуай хэл шинжлэл, орчуулга зүй, шашин судлал, угсаатны зүй, уран зохиол гэх
мэтээр олон салбар ухааныг хамарсан асар өргөн цараа хүрээтэй судалгаа хийж, бүтээл туурвилаа хэвлүүлэн
эрдмийн их өв үлдээсэн эрдэмтэн хүн.
Академич Бямбын Ринчений мэндэлсний 120 жилийн ойг тохиолдуулан Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбар, МУБИС, Архивын Ерөнхий газар, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Монгол Улсын Үндэсний номын сан зэрэг 10 орчим байгууллага хамтран олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, түүний шинжлэх ухаанд, Монгол судлалд оруулсан хувь нэмэр, Ринчен судлалын чиглэлээр олон салбарын төлөөлөл болсон эрдэмтэд илтгэл хэлэлцүүллээ.
Иймд нэг хүн хэдхэн минутад энэ их аугаа эрдэмтний шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг бүрэн тоймлож хэлэх боломжгүй юм.
Харин МУИС-ийн Монгол хэл утга зохиолын факультетын анх 1945 онд байгуулагдахад анхны тэнхимийн эрхлэгчээр нь Академич Бямбын Ринчен гуай томилогдож ажиллаж байсан тухай зарим зүйлийг онцолж хэлэх хэрэгтэй болов уу.
МУИС-ийг 1942 онд анагаах ухааны факультет, зоотехникч-мал эмнэлэгийн факультет, багш нарын факультет гэсэн 3 салбар бүрэлдэхүүнтэй байгуулснаас хойш улс эх орны нийгэм, соёлын талбар бүрд ажиллах дээд боловсролтой мэргэжилтнийг бэлтгэх хэрэгцээ шаардлагын үүднээс янз бүрийн мэргэжлийн ангийг нээж элсэлт авсаар байсан байна. Ингээд 1945 онд МУИС-ийн нийгэм, хүмүүнлэгийн салбарын ууган тэнхим болох Монгол хэл, утга зохиолын факультет, тэнхимийг байгуулж, анхны 33 оюутныг элсүүлсэн байдаг юм.
Энэхүү тэнхимийн анхны эрхлэгчээр Бямбын Ринченг томилж, утга зохиолын багшаар Б.Содном, манж хэлний багшаар Л.Дэндэв, мөн академич Шадавын Лувсанвандан нарыг ажиллуулж эхэлсэн нь үндэсний хэмжээнд монгол хэл бичгийн мэргэжилтэн багш бэлтгэх, улмаар монгол хэлтэй гадаадын монгол судлаач нарыг бэлтгэх, монгол хэлийг хэл шинжлэлийн орчин цагийн онол арга зүйн үүднээс тогтолцоотойгоор судлан түүний үр дүнг заах арга зүйн туршлагатай уялдуулан сургалтад ашиглах нөхцөл боломж бүрдсэн байна. Энэхүү үйл хэрэгт Бямбын Ринчен тэргүүтэй хэл бичгийн салбарын үе үеийн эрдэмтэн мэргэдийн оруулсан хувь нэмэр үнэлж баршгүй их юм.
-Мэргэжлийн хүний хувьд та энэ бүтээлийн үнэ цэн, онцлогийг энгийн хүнд ойлгомжтой тайлбарлавал?
Ц. Өнөрбаян:-Монгол хэлний зүйг авиа зүй, үг зүй өгүүлбэр зүй, үгийн сангийн цогц талаас нь судалсан анхны бүтээл. Энэ бүтээл гарснаар монгол хэлийг олон талаас нь судлах үүд хаалгыг нээсэн гэж би үздэг. Монгол хэлний бүтэц байгууллыг Энэтхэг, Төвөдийн арга барилаар судалж байсан уламлал бидэнд бий. Харин Ренчин багш Санкатбургийн Их сургууль төгсөж өрнө дахины шинжилгээ судалгааны арга барил эзэмшиж шинэ үүд хаалга нээсэн байна.
Монгол хэлний өөрийнх нь онцлогт тулгуурлаж энэ хоёр арга барилыг хослуулан дээрх бүтээлийг тууварласны хувьд багшийн монгол хэлний хэл шинжлэлд хамгийн том хувь нэмэр оруулсан гэж хэлнэ. Онцлог үнэ цэн нь онцгой том шүү дээ.
-МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн анхны эрхлэгчээр Бямбын Ринчен гуай байжээ. Түүний тэнхимдээ үлдээсэн өвийн тухайд….
Т.Эрдэнэ-Очир: -Өв гэдэг зүйлийг зөвхөн материаллаг байдлаар хүлээн авч ойлгож болохгүй байх. Хэл шинжлэлийн салбарт л гэхэд түүний бичсэн “Монгол бичгийн хэлний зүй” 4 боть бүтээлээс гадна нэр томьёо судлал, орчуулга зүй, угсаа-хэл шинжлэл гэх мэт олон дэд салбарыг хамарсан арвин их бүтээлийн өв үлдээснээс гадна монгол хэл бичгийн судлалд үнэтэй хувь нэмэр оруулсан Чой.Лувсанжав, Ц.Шагдарсүрэн, Б.Сумьяабаатар нараас авхуулаад олон эрдэмтэн шавь нараа бэлтгэсэн нь бас нэгэн их өв болов уу.
Ийм ч учраас их эрдэмтний эрдмийн өвийг тусгайлан судлах
“Ринчен судлал” хэмээх цуврал олон улсын эрдэм шинжилгээний хурлыг түүний
мэндэлсний 90, 100, 110, 120 жилийн ойг тохиолгон тэмдэглэсээр байгааг онцлон
дурдах хэрэгтэй юм.
Связанные новости
Ulaanbaatar