Д.Трамп Хятадын бараанд ногдуулсан татварыг бууруулахаа мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-10-30 16:24:49

Ерөнхийлөгчийн онгоц, 2025 оны аравдугаар сарын 10 /AP/. АНУ-ын Ерөнхийлөгч пүрэв гарагт буюу өнөөдөр БНХАУ-ын удирдагч Ши Жиньпинтэй хийсэн нүүр тулсан уулзалтаа “гайхалтай бахдам амжилт” хэмээн тодорхойлоод Хятадын бараанд ногдуулсан тарифыг бууруулахаа мэдэгдлээ. Харин Хятадын тал газрын ховор металл экспортлох, Америкаас шар буурцаг худалдаж авахыг зөвшөөрчээ. 


Д.Трамп ерөнхийлөгчийн онгоцонд сэтгүүлчдэд мэдэгдэхдээ, Хятад улс фентанил үйлдвэрлэхэд ашигладаг химийн бодисыг худалдсаны хариуд энэ оны эхээр тогтоосон тарифыг 20 хувиас 10 хувь бууруулна гэжээ. Ингэснээр Хятадаас импортолж буй бараанд ногдуулсан нийт тарифын хэмжээ 57 хувиас 47 хувь болж буурах юм.


"0-ээс 10 хүртэлх оноогоор дүгнэхэд 10 хамгийн сайн нь гэж үзвэл, би энэ уулзалтыг 12 гэж үнэлнэ" гэж Д.Трамп хэлжээ. Тэрбээр дөрөвдүгээр сард Хятадад, харин Ши Жиньпин хэсэг хугацааны дараа АНУ-д ирнэ гэж мэдэгджээ. Түүнчлэн Хятадад илүү дэвшилтэт компьютерийн чип экспортлох асуудлыг хэлэлцсэнээ дурдаад, “Nvidia” компани Хятадын албаны хүмүүстэй хэлэлцээ хийхээр төлөвлөж байгааг мэдээлсэн байна. 


Д.Трамп мөн Хятадтай худалдааны гэрээнд “тун удахгүй” гарын үсэг зурж магадгүй гэж мэдэгдээд "Бидэнд тийм ч олон том саад бэрхшээл байхгүй байна" гэж хэлжээ.


Ши Жиньпинтэй 100 минут үргэлжилсэн уулзалтынхаа дараа Д.Трамп өөдрөг байгаа хэдий ч эдийн засгаар тэргүүлэгч дэлхийн хоёр том гүрний харилцаа дахин хурцдах эрсдэлтэй хэвээр байна. Тус хоёр улсын аль аль нь хиймэл оюун ухаан зэрэг шинэ технологийг хөгжүүлж, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэх байр суурь эзлэхийг зорьж байгаагаас гадна Орос-Украины дайн зэрэг олон улсын асуудлуудыг шийдэхэд нөлөөлж байна.


Хоёр орны удирдагчид Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт болох Гёнжү хотоос өмнө зүгт 76 км-ийн зайд орших Бусан боомт хотод уулзсан юм. 



Связанные новости