Д.Трамп цөмийн туршилт хийхийг тушаажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 30 /Reuters/. БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй өнөөдөр уулзахаасаа өмнө бусад цөмийн гүрнүүдтэй “эрх тэгш үндсэн дээр” цөмийн зэвсгийн туршилтыг нэн даруй эхлүүлэхийг Батлан хамгаалах яаманд даалгасан гэдгээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.
“Бусад улс орнууд туршилтыг хэрэгжүүлж байгаа
тул би цөмийн зэвсгийг эрх тэгш байдлын үндсэн дээр туршиж эхлэхийг
даалгасан. Энэ үйл явц нэн даруй эхлэх болно” гэж Д.Трамп Өмнөд Солонгост Ши Жиньпинтэй уулзахаасаа өмнө “Truth
Social” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
“Өдгөө Орос хоёрдугаарт, Хятад түүнээс нэлээд зөрүүтэйгээр гуравдугаарт
жагсаж байгаа боловч таван жилийн дотор биднийг гүйцэж түрүүлнэ” гэж Д.Трамп онцлон дурджээ.
ОХУ цөмийн хөдөлгүүртэй “Посейдон” супер торпедыг амжилттай туршсан гэж Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт мэдэгджээ. Энэ нь далайд асар том цацраг идэвхт давлагаа үүсгэж, эргийн бүс нутгуудад сүйтгэл дагуулах чадалтай гэж цэргийн шинжээчид үзэж байна.
Д.Трамп Оросын талаарх байр сууриа чангатгаж
байгаа энэ үед В.Путин 10 дугаар сарын 21-нд шинэ “Буревестник” далавчит
пуужингийн туршилт хийж, 10 дугаар сарын 22-нд цөмийн пуужин харвах сургуулилалт явуулан цөмийн хүч чадлаа харуулжээ.
АНУ хамгийн сүүлд 1992 онд цөмийн зэвсэг туршсан байна. Ийм
туршилтууд нь аливаа шинэ цөмийн зэвсгийн хүчин чадлыг, мөн хуучин зэвсгийн
хувьд ажиллагаа хэвийн эсэхийг шалгадаг.
АНУ 1945 оны долоодугаар сард Нью-Мексико муж улсын
Аламогордо хотод 20 килотонн атомын бөмбөг туршсанаар цөмийн эрин үеийг нээж,
дараа нь 1945 оны наймдугаар сард Дэлхийн II дайныг зогсоохын тулд Японы
Хирошима, Нагасаки хотуудад атомын бөмбөг хаясан түүхтэй.
Ulaanbaatar