Багш нар орон даяар хугацаагүй ажил хаялаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-10-16 10:54:02

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Багш нар өнөөдөр өглөөний 08:00 цагаас эхлэн орон даяар хугацаагүй ажил хаяж байгаагаа зарлалаа. 


Монголын боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнгөрсөн наймдугаар сараас багш нарын цалинг 50 хувиар нэмэх шаардлагыг Боловсролын яам, Засгийн газарт хүргүүлж байвУлмаар Д.Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийхдээ өнөөдрөөс ажил хаяхаа мэдэгдэж байсан юм. Тэгвэл өнөөдөр улсын сургуулийн сурагчид гэртээ өнжиж, багш нар сургууль дээрээ эсэргүүцлээ илэрхийлэх ажээ. Ажил хаялтад ерөнхий боловсролын сургуулиас гадна их, дээд сургууль, цэцэрлэгийн багш нар оролцож байна.


Багш, эмч нарын цалин болон ахмадуудын тэтгэврийн нэмэхэд 830 тэрбум төгрөгийн төсөв шаардлагатай. Энэ мөнгийг төсөвлөж, тодорхой хувиар нэмэгдүүлэх саналыг Засгийн газраас гаргаад буй. Багш нар шударга цалин, урамшуулал, нийгмийн болон мэргэжлийн үүргийг нь хүндэтгэх, системийн шинэчлэлийг шаардаж байгаа ажээ.


Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар багш нарын цалинг 20 хувиар нэмэхээр шийдвэрлэсэн ч үүнийг шийдэл биш гэж үзэн ажил хаялтаа эхлүүлж байгаа юм байна. 


Ташрамд дурдахад, ажил хаялтад нэгдээгүй, үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж буй сургууль, цэцэрлэг ч цөөнгүй байна. 









Связанные новости