“Эрдэнэс Монгол” нэгдэл БНЭУ-д уул уурхайн бүтээгдэхүүн экспортлох чиглэлээр санал солилцжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
batbold.sh@montsame.gov.mn
2025-10-15 17:14:31
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийж буй төрийн айлчлалын бүрэлдэхүүнд УИХ, Засгийн газрын гишүүдийн төлөөлөл, Монгол-Энэтхэгийн хамтарсан Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн ажлын хүрээнд “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт, Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг нар ажиллаж байна.  


Айлчлалын хүрээнд Монгол-Энэтхэгийн бизнес форум болж, Монголын талаас уул уурхай, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, хөнгөн үйлдвэрлэл зэрэг 13 салбарын 43 ААН, Энэтхэгийн талаас 100 орчим ААН-ийн төлөөлөл оролцлоо. 


Бизнес форумын үеэр “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт БНЭУ-ын хамгийн том төрийн өмчит ган үйлдвэрлэгчдийн нэг Steel Authority of India Limited (SAIL) компанийн ерөнхий менежер Панкэж Пүритэй уулзаж, коксжих нүүрсний экспортын чиглэлээр санал солилцов. Тус компани Монгол Улсаас коксжих нүүрс нийлүүлэх анхны туршилтын бараа эргэлтийн багцыг хүлээн авахад бэлэн байгаагаа илэрхийллээ.  


SAIL нь БНЭУ-ын хамгийн том төрийн өмчит ган үйлдвэрлэгчдийн нэг ба Энэтхэгийн Засгийн газрын Гангийн яамны харьяа  “Maharatna” буюу төрийн өмчит төв байгууллага зэрэглэлтэй компани юм. 1973 онд байгуулагдсан тус компани өргөн хүрээний ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба БНЭУ-ын Бхилаи, Руркела, Дургапур, Бокаро, Бурнпур зэрэг хотуудад иж бүрэн 5 гангийн үйлдвэрүүд, тусгай чиг үүрэг бүхий 3 үйлдвэр болон охин компаниудтай юм.


Монгол-Энэтхэгийн хамтарсан Газрын тос боловсруулах үйлдвэрийн хувьд 1.5 сая тонн тос боловсруулах хүчин чадалтай бөгөөд уг үйлдвэрээс авто бензин 396 мянган тонн, дизель түлш 824 мянган тонн, онгоцны түлш 80 мянган тонн, зуухны түлш 47 мянган тонн гарах боломжтой гэсэн урьдчилсан тооцоолол байна. 


Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэр дэх газрын тосны олборлолтын Тосон-Уул XIX талбайгаас Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж Газрын тос боловсруулах үйлдвэр хүртэл 527 км урттай үйлдвэрийн түүхий эдийг тээвэрлэх Газрын тос дамжуулах хоолой барьж байгуулах юм. Одоогийн байдлаар 521 км урт хоолойг гагнаж, шалгаж булсан бөгөөд дамжуулах хоолойн төслийн нийт гүйцэтгэл 87.0 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна.


Мөн газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажил  үргэлжилж байна. 



Связанные новости