Эмийн үнэ, эмийн сангийн байршлыг мэдээлэх цахим системийг нэвтрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
b.munkhzul@montsame.gov.mn
2025-10-07 16:32:52

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Эм, эмнэлийн хэрэгслийн үнийн мэдээллийн сангийн em.hdc.gov.mn цахим хаягаар нэвтэрч, худалдан авах гэж буй эмийнхээ үнэ, очих эмийн сангийн байршлыг шууд харж болдог боллоо.


Энэхүү системд өнөөдрийн байдлаар 2605 эмийн сангийн байшил, Монгол Улсад бүртгэлтэй эмийн жагсаалтаас худалдаанд идэвхтэй ашиглаж байгаа 2565 эмийн үнийн мэдээллийг ил тодоор байршуулжээ. Системийг хэрэглэснээр зөвхөн эмийн үнэ, эмийн сангийн байршлыг хараад зогсохгүй тухайн эмийг хэрэглэх заавар, хориглох заалт, орц найрлага, тун хэмжээ, үйлдвэрлэгч улс, гарал үүслийн мэдээллийг монгол хэл дээр авах боломжтой болов. Мөн эмчийн бичиж өгсөн эмийг ямар ижил төстэй эмээр орлуулан хэрэглэж болох сонголтуудыг ч багтаасан байна.


Систем дээр харагдаж буй эмийн үнэ бол тухайн эмийн сан борлуулалт хийхэд И-баримтын системд бүртгэгдсэн хамгийн сүүлийн бодит ханш аж. Ийнхүү эмийн сангууд тухайн эмийг хэдэн төгрөгөөр борлуулж буй мэдээлэл ил болсноор зохиомол хөөргөдлийг арилгаж, эмээс үүдэлтэй иргэнд очих эдийн засгийн дарамтыг бууруулахыг холбогдох албаныхан хэллээ. Цаашид уг системийг илүү сайн хөгжүүлж, эмийн сангуудын нөөц, үлдэгдэл, гааль болон эм ханган нийлүүлэх байгууллагын үнэ зэрэг мэдээллийг иргэдэд ил тод болгох юм байна.


Уг системийг холбогдох байгууллагуудын оролцоотойгоор нэг сарын хугацаанд хөгжүүлэн хэрэглээнд өнөөдрөөс хэрэглээнд нэвтрүүллээ.





Связанные новости