Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын асуудлаарх нээлттэй хэлэлцүүлэг болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-10-07 16:36:07

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын асуудлаарх нээлттэй хэлэлцүүлэг энэ сарын 6-нд болов.


НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 1325 тоот “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” тогтоолын 25 жилийн ойн үеэр болж буйгаараа онцлогтой эл хэлэлцүүлэгт Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал Б.Мандхай оролцож, үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ Монгол Улсын жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг чадавхжуулах талбар, түүний дотор энхийг цогцлоох үйлсэд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих чиглэлээр гаргасан ололт амжилтыг танилцуулав.


Мөн 1325 тоот тогтоолын хэрэгжилтийн асуудлаарх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын 2025 оны тайланд дурдсанаар уг салбарт ахиц дэвшил гарсан хэдий ч гол зорилтуудад ухралт, хүндрэл бэрхшээл их байгаа тул энэхүү ойн жил гишүүн улсууд ололт амжилтаа дүгнэж, цаашдын үйл ажиллагаагаа төлөвлөх, санхүүжилтийн хүндрэлээс үүдэлтэй асуудлуудыг урьдчилан харж, бууруулах боломжийг эрэлхийлэх шаардлагатай байна гэв.


Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт эмэгтэйчүүд, охидуудад илүү сөргөөр нөлөөлж байгааг онцлон тэмдэглэж, Улаанбаатар хотноо ирэх онд зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд оролцож, жендэрийн мэдрэмжтэй уур амьсгалын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг гишүүн улсуудад уриалав.

 

Связанные новости