COP17-г амжилттай зохион байгуулахын төлөө идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
batbold.sh@montsame.gov.mn
2025-10-05 13:02:19
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуадтай 2025 оны аравдугаар сарын 2-ны өдөр утсаар ярив. 


Гадаад харилцааны сайд, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга нар Монгол Улсад ирэх 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажил сайн явагдаж байгааг тэмдэглээд, хурлын агуулга, хөтөлбөрийг баяжуулах, ялангуяа өндөр, дээд түвшний арга хэмжээг амжилттай зохион байгуулахын төлөө улам ойр хамтран ажиллахаа илэрхийлэв.


Түүнчлэн Монгол Улсад болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) нь олон улсын түвшинд ган гачгийн асуудлаар явагдаж буй хэлэлцээнд ахиц гаргах, бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалахад чухал ач холбогдолтойг талууд тэмдэглэв. 


Египетийн Байгаль орчны сайдаар ажиллаж байсан хатагтай Ясмин Фуад нь 2025 оны наймдугаар сараас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар ажиллаж буй байгаль орчны дипломат ажиллагааны чиглэлээр мэргэшсэн, олон улсад нэр хүнд бүхий олон улсын албан хаагч юм. 

Связанные новости