Өмнөд Солонгосын хагас дамжуулагчийн экспорт түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2025-10-01 15:58:20

СӨҮЛ, 2025 оны аравдугаар сарын 1 /AFP/. Өмнөд Солонгосын хагас дамжуулагчийн экспортын хэмжээ есдүгээр сард түүхэн дээд үзүүлэлтэд хүрснийг өнөөдөр танилцуулсан албан ёсны мэдээлэл харуулжээ. АНУ-ын татвар болон уг чухал салбарт тавьсан бусад хязгаарлалтын дарамт нэмэгдэж байгаа хэдий ч ийнхүү өссөн байна. 


Тус улсын Аж үйлдвэрийн яамны мэдээллээр, өнгөрсөн сард хагас дамжуулагчийн экспортын хэмжээ 16.6 тэрбум гаруй ам.долларт хүрсэн нь 2024 оны есдүгээр сарынхаас тав дахин их байжээ. Экспортын хэмжээ өсөхөд хиймэл оюуны серверүүдэд ашигладаг HBM зэрэг өндөр үнэ цэнтэй санах ойн чипний эрэлт их байгаатай холбоотой гэж тус яам мэдээлсэн байна.


Өмнөд Солонгосын экспортын өөр нэг гол бүтээгдэхүүн болох авто машин ч мөн сайн дүн үзүүлж, авто машины нийлүүлэлт 6.4 тэрбум ам.долларт хүрсэн нь тус улсын түүхэнд есдүгээр сард бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Эдгээр өндөр үзүүлэлтийн ачаар экспортын нийт хэмжээ 65.9 тэрбум ам.долларт хүрсэн нь сүүлийн 42 сар гаруйн хугацаанд байгаагүй өндөр үзүүлэлт байв.


Ган, авто машин, машин механизмын татвараас үүдэн АНУ руу хийсэн экспорт өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар буурч, 10.27 тэрбум ам.долларт хүрсэн бол бусад бүх томоохон бүс нутагт экспорт өссөн байна. Азийн дөрөв дэх том эдийн засагтай тус улсад АНУ-ын зүгээс анх 25 хувийн татвар ногдуулсан боловч эцсийн мөчид тохиролцоонд хүрснээр 15 хувийн татвар ногдуулахаар болсон юм.


Өмнөд Солонгос бол АНУ-ын худалдааны хамгийн том түншүүдийн нэг бөгөөд авто машинууд экспортын нэлээд хувийг эзэлдэг. Авто машины татварыг 25 хувиас 15 хувь болгон бууруулахаар тохиролцсон боловч хөрш Японоос ялгаатай нь уг шийдвэр хараахан хүчин төгөлдөр болоогүй байгаа юм. Мөн ган, хөнгөн цагаан зэрэг экспортын гол бүтээгдэхүүнд 50 хувийн татвар ногдуулсан хэвээр байна.


Энэхүү шинэ дээд үзүүлэлт нь “татвар ногдуулах шийдвэрээс үүдэн АНУ руу хийх экспортын хэмжээ буурсан таагүй нөхцөл байдлыг үл харгалзан экспортын зах зээлээ хурдацтай төрөлжүүлсэн манай компаниудын гаргасан үнэ цэнтэй ололт амжилтын үр дүн мөн” гэж Аж үйлдвэрийн сайд Ким Жун Кван мэдэгджээ. “АНУ-тай хийж буй тарифын асуудлаарх хэлэлцээний улмаас экспорттой холбоотой тодорхойгүй байдал үргэлжилсээр байгаа бөгөөд бид сонор сэрэмжтэй байж, шуурхай хариу арга хэмжээ авах ёстой” гэж тэрбээр хэлжээ. Мөн тэрбээр компаниудынхаа экспортын өрсөлдөх чадварыг хадгалахын тулд төрөөс үзүүлэх бодлогын дэмжлэгийг сайжруулна гэдгийг нэмж хэлсэн байна.

Связанные новости